Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

10-аас дээш удаагийн торгуультай 63 мянган жолооч байгаа бол дээд тал нь ₮8 саяын торгуультай жолооч байна

Ч.Болортуяа
2020 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хот дотор автомашинууд 30-35км/цагийн хурдтай зорчиж байвал үүнийг түгжрэлгүй, замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэж үздэг юм байна.

Тэгвэл Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцож байгаа машинуудын хурд 0-15км/цаг буюу 0 зогсолтод бараг орсон тухай холбогдох албаныхан мэдээлж байна. 

Өнөөдөр Улаанбаатарт 500 гаруй мянган автомашин байгаагаас 212 мянган машины илүүдэлтэй байгаа тооцоо байгаа юм. Өөрөөр хэлбэл, 320 орчим мянган автомашинтай бол дундаж хурд 30-35км/цаг болох юм байна.  

Зөвхөн сүүлийн гурван жилд гэхэд 160 мянган машин бид импортоор оруулж ирсэн байгаа юм. Зарим эдийн засагчийн мэдээлж буйгаар иргэдэд зориулсан урт хугацааны хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн байхгүй үед иргэдийн хэрэглээний зээл огцом нэмэгддэг, улмаар автомашин худалдан авалт ихэсдэг тухай тайлбарладаг. Энэ нь ч Монголд нотлогдож байгаа юм. 

Тухайлбал, ипотекийн зээлийн санхүүжилт буурахтай зэрэгцэн хэрэглээний зээл, машины импорт огцом өссөн байгааг дараах графикаас харж болно. 

График 1, Ипотекийн зээлийн санхүүжилт ба машины импорт,

2018, 2019 онуудад машины импорт ийнхүү рекорд дүнг үзүүлээд байна.

Энэ нь төрөөс нэгэнт илүүдэлтэй байгаа автомашины тоонд хязгаарлалт тавих урт хугацааны хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний орчныг сайжруулаагүй, татварын бодлого байхгүй, нөгөө талд иргэд хувийн машин сонгож хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдал байгааг илэрхийлж байна.

Түгжрэлээс шалтгаалж Улаанбаатарчууд зөвхөн шатахуунаар тооцвол, жилд 145 тэрбум төгрөгөөр хохирч байна. Өөрөөр хэлбэл, бодлого зохицуулалтгүй байгаагаас үүдэж бид нийтээрээ хохирч байна. 

Хүн өдөрт нэг цагийг түгжрэлд өнгөрүүлж байна гэж тооцвол жилд 15 хоногийг, өдөрт хоёр цагийг зам дээр өнгөрөөвөл жилд нэг сар буюу 30 хоногийг зам дээр өнгөрүүлж байна гэсэн үг билээ. 

Гэхдээ нэгэнт бий болсон түгжрэлийг бид зам бариад шийдэх боломжгүйг харлаа. Тиймээс өөр ямар шийдлүүд байж болох вэ?

Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөрийн "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгийн үеэр өгсөн мэдээллээр түгжрэлийг бууруулахаар богино, дунд, урт хугацааны түвшний төлөвлөсөн ажлууд бий. Зөвхөн богино хугацааны буюу ойрын үед хийгдэх гурван ажил төлөвлөсөн тухай ярилаа.

Тодруулбал, 

  1.  Замын хөдөлгөөний зохион байгуулалт, төлөвлөлтийн нэгдсэн системийг зохион байгуулахаар хөтөлбөр дээр нь ажиллаж байна. Тодруулбал, камерын нэгдсэн систем, RFID технологи, замын хөдөлгөөний ухаалаг удирдлагын системийг нэг платформ дээр байршуулж нэгдсэн төлөвлөлт, хяналтыг хийх боломжтой болно. Үүнийг хэрэгжүүлснээр өмнө нь ярьж байсан бүсчлэлийн хэлбэр рүү орно. Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар гэмт хэргийн, зөрчлийн хэргийн хяналт зохицуулалт байдаггүйг нэг системд оруулна. Энэ хөтөлбөр ирэх аравдугаар сард шийдэл нь гараад бэлэн болчихно. 
     
  2. Хоёрдугаарт, Зогсоолын нэгдсэн систем. Үүнийг мөн аравдугаар сардаа багтааж хийнэ. Маш олон хот зогсоолыг эзэнтэй болгож, нэгдсэн системд оруулснаар түгжрэлээс гарч чадсан байдаг. Зогсоол болгон хяналттай болно. Цагийн хязгаартай болно.
     
  3. Гуравт нь, Нийтийн тээвэртэй холбоотой. Дээрх хоёр зохицуулалттай холбоотойгоор хүмүүс автомашинаа өөр зориулалтаар ашиглаад эхэлнэ. Энэ үед нийтийн тээврийн үйлчилгээг шаардах болно. Тухайн үед нийтийн тээвэр нь хэрэгцээндээ тулгуурласан нөөцтэй байх зохицуулалт хийнэ гэсэн юм. 

Дээрх ажлуудтай холбоотойгоор нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал шийдэгдэхээр хүлээгдэж байгааг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа мэдээлж байлаа. Тодруулбал, 2014 оноос хойш хийгдээгүй байсан нийтийн тээврийн парк шинэчлэл хийхээр улсаас 22, нийслэлээс 26 тэрбум төгрөг батлагдсан, одоо худалдан авалтаа хийхээр судалж байгаа юм байна.

Торгуультай автомашины хувьд, 10-аас дээш удаагийн торгуультай 63 мянган жолооч байна. Дээд тал нь найман сая төгрөгийн торгуультай жолооч хүртэл байгааг С.Энхтөр онцолж байлаа. 

Улаанбаатарын замын хөдөлгөөний ачаалал боловсрол, эрүүл мэнд болон бусад төрлийн үйлчилгээний тэгш бус байдал гаарсны нэг илрэл бөгөөд үүнийг дэлхийн бусад хотууд хотын захын болон шинээр баригдах дүүргүүдэд дэд бүтэц болоод татварын таатай орчныг бүрдүүлэх, цэцэрлэг, сургууль, эмнэлгийн үйлчилгээг сайжруулснаар төлөвлөрлийг сааруулах боломжтойг хот төлөвлөгч Т.Алдарсайхан ярьж байв.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра иргэдийн явган болон дугуйгаар зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэхийн тулд нийслэлийн найман бүсэд дугуйн замын ажлыг хийж байгаа, явган замуудыг шинэчлэх ажлууд хийгдэж байгааг мэдээллээ.

Хот төлөвлөгч Т.Алдарсайханы хийсэн судалгаагаар ажил руугаа 30 минутын хугацаанд алхаад ирэх боломжтой 190 мянган орчим иргэн байдаг байна. 

Видео, "Нүүдэл шийдэл": Түгжрэлд шийдэл байна уу?

https://www.facebook.com/watch/?v=681803772752425&extid=Vfy7rADr7x4EhgK9