Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

АХБ-наас 7,000 га газар бүхий сонгогдсон 12 хэсэгт усалгааны системийг дагалдах дэд бүтцийн хамт шинэчлэн сайжруулах ажил эхэлжээ

ikon.mn
2020 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ НЬ ХҮНСНИЙ ХОМСДОЛ БОЛООД ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХАД ЧУХАЛ ҮР НӨЛӨӨТЭЙ

Азийн хөгжлийн банк (АХБ) болон Монгол Улсын Засгийн газар хамтран хүнсний ногооны үйлдвэрлэлийн талаар шинэхэн ном эрхлэн гаргаж, өчигдөр олон нийтэд танилцуулсан байна. Уг номонд дурдсанаар, Монгол Улс хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр ядуурлыг бууруулахад үр нөлөөтэй төдийгүй зөв зохистой хоол хүнсээр иргэдээ хангах боломжийг олж авах юм гэжээ.

“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба Үнэ цэнийн сүлжээ” гарчигтай номын нээлтийг АХБ-ны Байгаль орчин, байгалийн баялаг, хөдөө аж ахуйн хэлтсийн Дарга Чингфэнг Жанг нээж үг хэлсэн бөгөөд тэрээр “Хөдөө аж ахуйн салбар нь ажиллах хүчний оролцоог ихээр шаардаж, эдийн засгийн төрөлжилтийг бий болгодог учир орон нутагт уг салбарыг эрчимжүүлэх нь Монгол Улсад ихээхэн ач холбогдолтой юм” хэмээн онцлон тэмдэглэв. Нээлтийн үйл ажиллагааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгууллаа.

“Монгол Улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь хангалттай төрөлжөөгүй бөгөөд 2008-аас 2016 онуудад үйлдвэрлэсэн хүнсний ногоо нь дотоодын нийт хэрэгцээний ердөө тал хувийг л хангаж байсан” гэдгийг ноён Чингфэнг Жанг мөн тодотгон хэллээ. Түүнчлэн тэрээр  “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг бага талбайд, ажиллах хүчний оролцоо ихтэйгээр эрхлэх боломжтой байдаг учир ядуу бүлгийн иргэдийн нөөц бололцоонд илүүтэй зохицож, улмаар ядуурлыг бууруулахад чухал үр нөлөөтэй юм” гэж онцлон тэмдэглэв.

Харин АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран нээлтийн үеэр хэлсэн үгэндээ хүнсний ногооны үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх нь эдийн засгийг төрөлжүүлэх, орон нутаг дахь хөдөлмөр эрхлэлт болон хүнс тэжээлийн гарцыг нэмэгдүүлэхэд ихээхэн үр нөлөөтэйг онцоллоо.

Уг номонд хүнсний ногооны дэд салбаруудыг дэмжихэд тулгарах сорилт, боломж; үнэ цэнийн сүлжээг шинэчлэх боломжит сонголтууд; хүнсний ногооны үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт болон худалдааны систем дэх үнэ цэнийн сүлжээний зохицуулалтыг сайжруулах боломжуудын талаар тусгажээ. Түүнчлэн үйлдвэрлэлээс маркетинг хүртэлх, мөн үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх хүнсний ногооны үнэ цэнийн сүлжээг тодорхой зураглан харуулж, төрийн оролцоог нэмэгдүүлэх, АХБ-ны санхжүүжилт олгох замаар жижиг үйлдвэрлэгчдийн зах зээлд нэвтрэх боломжийг дээшлүүлэх олон төрөлт загваруудыг боловсруулан харуулсан байна. Тухайлбал, тариаланчид өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгүүр, бөөний худалдааны төвд шууд худалдан борлуулах боломжуудыг үзүүлжээ.

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “АХБ-наас нийт 7,000 га газар бүхий сонгогдсон 12 хэсэгт усалгааны системийг дагалдах дэд бүтцийн хамт шинэчлэн сайжруулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгох төслийг хэрэгжүүлж эхэлж буй энэ цаг үед уг ном хэвлэгдэн гарч байгаа нь ихэд сайшаалтай” хэмээн онцоллоо. 

АХБ нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон усалгаатай хөдөө аж ахуйн төслийн хүрээнд хүйтэн уур амьсгалтай бүс нутагт зориулагдсан үр шим ихтэй усалгааны технологи болон хүнсний ногоо тариалах зун, өвлийн хүлэмжийн шинэлэг загваруудыг нэвтрүүлэх юм. Төслөөс нийт 3,458 өрх ашиг шим хүртэх бөгөөд тэдгээрийн 1,041 нь орлого багатай өрх байх болно.  

Төслийн нийт төсөв нь 46.25 сая ам.доллар бөгөөд АХБ-наас үүний 25.3 сая ам.долларыг хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр, 14.7 сая ам.долларыг энгийн нөхцөлтэй зээлээр тус тус санхүүжүүлэх юм. Мөн Монгол Улсын Засгийн газраас төслийн зардалд 4.25 сая ам.долларын санхүүжилт гаргана. 

 

Эх сурвалж: АХБ