Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Индра: Баянзүрхийн гүүрийн үндсэн бүтээн байгуулалт дууссан. Тохижилт, тоноглолыг энэ жилдээ багтаан дуусгана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Налайхын 20.9 км авто зам бүрэн хаагдахгүй.

Улиастайн уулзвараас 1.7 км хэсэгчлэн, нөгөө хэсэг нь Оргилын уулзвараас Тэрэлж рүү шороон замаар урагш эргэн туннелээр гарч Налайхын замтай нийлдэг шороон замыг хааж, хатуу хучилттай болгох юм гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра мэдээллээ.

Мөн тэрбээр авто зам болон томоохон гүүрүүдийн бүтээн байгуулалтын талаар "Нийслэлийн авто замын хөгжлийн газраас Улаанбаатар хотод хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтуудыг техник, хүн хүч, цагаа нэмээд хийж байгаа.

Өнгөрсөн хугацаанд Сонсголон, Яармагийн гүүрийг ашиглалтад оруулсан. 

Одоогийн байдлаар Замын цагдаагийн гүүр буюу Олимпын гүүр, Налайхын 20.9 км авто зам, Баянзүрх дүүргийн Туул гол дээгүүрх гүүрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх ажил эхэлж байгаа.

Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас гүүрийн бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгч Хятадын ААН-үүдийнхэн эх орондоо хорио цээрийн дэглэмд хаагдсан байсан. Харин одоо манай улсад ирээд карантины хугацаа нь дуусаад ажилдаа орж байна.

Хятад ажилчид ирсэнээр Налайхын 20.9 км авто замын өнгө хучилт, туузан хаалт, явган болон дугуйн зам, урагш, хойш гарсан таван гүүрэн гарцын барилгын ажил хийгдэнэ.

Энэ ажлын явцад авто замын хөдөлгөөнийг хэсэгчилж хаахаар төлөвлөлөө.

Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил Олимпын гудамж буюу гүүрийнхээ зүүн болон баруун талд замын ажил хийгдэнэ. Мөн үлдсэн хоёр рамп, явган хүний гүүрэн гарц хийгдэх ёстой. 

Баянзүрхийн гүүрийн үндсэн бүтээн байгуулалт дууссан. Тохижилт, тоноглолын ажлыг энэ жилдээ багтаан дуусгана.

Технологийн горимыг алдахгүйн тулд хасах температур буюу хүйтэртэл хийж болох бүх бүтээн байгуулалтын ажлыг хийнэ" гэв.