Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Дотооддоо үйлдвэрлэж байгаа автобусаас 40-100 мянган ам.доллароор илүү үнэтэй автобусыг авах гэж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бүрэн цахилгаан автобус, троллейбусыг эх орондоо угсарч, бүтээсэн монгол инженерүүдийн төлөөлөл Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийж, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд гаднаас олон тооны автобусыг авахаар төлөвлөж буйг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. 

Монгол машин байгууламжийн үйлдвэрийн дарга М.Гэрэлчулуун "Монгол инженерүүд хамтран МОН-30 хэмээх том оврын цахилгаан автобусыг зохион бүтээж байв. Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, гадаадаас нэг ч автобус авахгүй гэж байлаа. Үүнд бид урам авч, дахин нэг үйлдвэрийг зээл аван байгуулсан. Гэтэл төрөөс монголчуудынхаа ажлыг байрыг дэмжилгүй, Хятадаас 1,200 ширхэг автобусыг авах гэж байна" гэлээ. 

Монгол Улс жилдээ гурван тэрбум ам.доллартой тэнцэхүйц хэмжээний машин механизм, эд анги, металл хийцийг худалдан авдаг аж. Энэ мөнгийг гадагш импортын бүтээгдэхүүн худалдан авахын оронд монголдоо үлдээхийг тэд уриалж байгаа юм.

"Цахилгаан автобус жилд долоон сая төгрөгийн дотоодын эрчим хүчийг хэрэглэдэг"

Монгол машин байгууламжийн үйлдвэрийн дарга М.Гэрэлчулуун "2006 оноос хойш 300 гаруй тээврийн хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэсэн байна. Монгол инженерүүд юм бүтээж, хийж чаддагийн нэг жишээ нь троллейбус юм. Эдгээр троллейбус нийтийн тээврийн үйлчилгээнд 12 жил явж, стандартын хугацаагаа дуусгалаа. Мөн дараагаар нь цахилгаан автобус угсарч, хоёр жилийн хугацаанд туршилтад оруулсан.

Уг бүрэн цахилгаан автобус нь "Ч1: 5 шар-Офицеруудын ордон" чиглэлд үйлчилж байна. Энэ автобус нь 194 мянган ам.долларын өртгөөр бүтсэн. Гэтэл манай үйлдвэрлэж байгаа автобусаас 40-100 мянган ам.доллароор илүү үнэтэй автобусыг Хятадын хөгжлийн банкны зээлээр авах гэж байна" гэсэн юм.

Энэ асуудалтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтээ өгөхөөр болжээ.

Учир нь "Ямар ч тендер зарлаагүй. Концессын гэрээгээр хийх тул улсын төсөвт хүндрэл учруулахгүй гэж байгаа боловч ирээдүйд бид татварын мөнгөөрөө нэг их наяд төгрөгийн төлбөрийг төлнө. Хэрэв үүнийг үндэсний үйлдвэрлэгчдээр хийлгэсэн бол энэ хэмжээний мөнгө эх орондоо үлдэж, 500 гаруй ажлын байрыг бий болгох байв. 

Цахилгаан автобус жилд долоон сая төгрөгийн дотоодын эрчим хүчийг хэрэглэдэг бол дизель хөдөлгүүртэй автобус нь жилд 43 сая төгрөгийн импортын түлш хэрэглэдэг" хэмээн тэрбээр мөн хэллээ.