Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп хоёр Солонгосын хил рүү явахаасаа өмнө гэргийгээ үнсэж, салах ёс гүйцэтгэж байжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын одоогийн ерөнхийлөгчийн талаар Вашингтон Пост сонины ахмад сэтгүүлч Боб Вүдвардын бичсэн “Rage” нэртэй ном маргааш худалдаанд гарах гэж байна.

Уг номонд Дональд Трампын бүрэн эрхийн хугацаанд болсон үйл явдлуудаас сонирхолтой баримтуудыг дурджээ.

Өмнөд Солонгосын Ёнхап Ньюс агентлаг Дональд Трампын хоёр Солонгосын хилд зочилсон 2017 оны арваннэгдүгээр сарын үйл явдалтай холбоотой баримтыг “Rage” номноос олж авснаа өнөөдөр мэдээлсэн байна.

Тухайн үед Трамп хоёр Солонгосыг тусгаарлаж байдаг DMZ (Demilitarized Zone) шугамд зочлохоор нисдэг тэрэгтэй явсан ч өтгөн манантай байсан тул зорьсон газраа хүрч чадалгүй замаасаа буцаж байсан юм.

Нисдэг тэргэнд явж байхдаа Трамп “Тэд намайг ирж байгааг мэдэж байгаа юу?” гэж асууж байжээ.

Тухайн үед хамт явсан Өмнөд Солонгос дахь АНУ-ын зэвсэгт хүчний командлагч, генерал Винсент Брукс одоогоор Умард Солонгосын тал ерөнхийлөгчийн айлчлалын талаар ямар ч мэдээлэлгүй байгаа хэмээн Трампыг тайтгаруулж байсан гэнэ.

Дараа нь Трамп “Өнөөдөр өглөө би гарахдаа Меланиад баяртай гэж хэлээд үнссэн. Дахин уулзахгүй ч байж магадгүй гэж хэлсэн. Би өөрийгөө бодсондоо ингээгүй. АНУ-ын ерөнхийлөгчид ямар нэг муу зүйл тохиолдохоос болгоомжилсон юм” гэж нисдэг тэргэнд явсан албаныханд ярьжээ.

Тэр үед АНУ-Умард Солонгосын харилцаа хамгийн доод түвшиндээ хүрээд байсан бөгөөд тухайн оны есдүгээр сард Пёньян зургаа дахь, хамгийн том цөмийн туршилтаа гүйцэтгээд байв.

Цаг уурын байдлаас шалтгаалан буцах шийдвэрийг Трамп зөвшөөрсөн ч ингэх нь түүнийг сул дорой харагдуулахаас санаа зовж байгаагаа илэрхийлж байжээ.

Энэ явдлаас хойш хоёр жил хүрэхгүй хугацааны дараа Дональд Трамп хил дээр дахин очихдоо Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж байв. Тэр үед Трамп хилийн шугамыг хэсэгхэн хугацаанд давснаар Умард Солонгосын газар нутагт хөл тавьсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News