Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөний зөөлөн бодлогыг үргэлжлүүлэх орон зай бий

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ оны есдүгээр сарын байдлаар макро эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн төлөв, санхүүгийн зах зээл, гадаад, дотоод орчны тодорхой бус байдалд гарч буй гол өөрчлөлтүүд үргэлжилж, КОВИД-19 вирусийн тархалттай холбоотой эдийн засагт үүсэж болзошгүй эрсдлийн нөлөө бүрэн гүйцэт арилаагүй байна.

Тодруулбал, КОВИД-19 вирусийн нөлөөгөөр дотоод эдийн засгийн идэвхжил саарч, эрэлтийн шалтгаантай инфляц бага түвшинд хадгалагдах, дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийг даган дотоодын шатахууны үнэ буурсан, мөн махны нийлүүлэлт тогтвортой байх хүлээлттэй байгаагаас нийлүүлэлтийн шинжтэй инфляц тогтвортой байна.

2020 оны долдугаар сарын байдлаар инфляцын түвшин 3.4 хувьтай байгаа бөгөөд энэ нь оны эхнээс 2.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 3.3 хувь буурсан үзүүлэлт. Улмаар инфляцын түвшин он гарснаар Монголбанкны зорилтот түвшин (8%)-ээс бага, дунд хугацаанд зорилтот түвшин (6%)-ийн орчимд тогтворжих төлөвтэй байна. Инфляцын нам дор тогтвортой (Зураг 1) байдал нь зээлийн хүүг бууруулах стратегитэй нийцтэй байдлыг харуулж, инфляцын зорилтот түвшнийг бууруулах боломжийг олгож байна.

Зураг 1. Инфляц, сараар (2020.07 сар)

 

 
Эх сурвалж: Монголбанк

Бодит эдийн засгийн төлөв 2020 оны эхний зургаадугаар сарын байдлаар -9.7 хувийн бууралттай байна.

  • 2020 онд эдийн засгийн өсөлтийн төсөөлөл -0.9 хувьд хүрч буурахад гадаад, дотоод эрэлтийн төлөв сулрах, түүхий эдийн үнэ буурах, КОВИД-19 вирусийн эдийн засагт үзүүлэх нөлөө хүлээлтээс нэмэгдэн, үргэлжлэх хугацаа нь удааширч байгаа зэрэг нь голлон нөлөөлж байна.
  • Төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого энэ оны эхний долоон сард өмнөх оны мөн үеэс 1.1 наяд буюу 18 хувиар буурсан бол төсвийн нийт зардал өмнөх оны мөн үеэс 1.8 их наядаар буюу 33.9 хувиар нэмэгджээ.
  • Зээлийн өсөлт 2020 онд нам түвшинд хадгалагдахаар байна. Эдийн засгийн идэвхжил сул, тодорхой бус байдал нэмэгдсэнтэй зэрэгцэн банкны систем дахь эх үүсвэрийн долларжилт болон хугацаа хэтэрсэн зээлийн дүн өсөж байгаа нь банкуудын иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн өсөлтийг хязгаарлаж байна. Түүнчлэн,бизнесийн зээлийг голлон бүрдүүлэгч том банкуудын хөрвөх чадвартай хөрөнгө буурч байгаа нь бизнесийн зээлийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн. Зээл олголтын хэмжээ зургаадугаар сард 1.96 их наяд төгрөг байсан нь долдугаар сард 1.88 их наяд төгрөг болж, 3.9%-аар буурчээ. Харин зээл төлөлт 1.71 их наяд төгрөгөөс 1.81 их наяд төгрөг болж 5.8%-аар өсөв.

Макро эдийн засгийн эдгээр үзүүлэлтээс харахад эдийн засаг хэдий алгуур сэргэж байгаа ч иргэдийн худалдан авах чадвар цар тахлын өмнөх үеэс буурсан байдалтай хэвээр байна.

Засгийн газраас иргэдийн худалдан авах чадварыг дэмжих төсвийн шинжтэй бодлогоо үргэлжлүүлсээр байгаа ч манай орны санхүүгийн зах зээлийн дийлэнх хувийг бүрдүүлдэг банкны салбарын үзүүлэлт бууралттай байгаа нь иргэд, аж ахуй нэгжийн эрэлтийг хангалттай хэмжээнд нэмэгдүүлж чадахгүй байдал анзаарагдаж буй. Учир нь банкны салбарт иргэд, ААН-ийн зээлийн эргэн төлөлт удааширч, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой ашигт байдал буурч, зээл олголтыг хязгаарлаад байна.

Монголбанкны зүгээс өнөгрсөн гурав болон дөрөвдүгээр сард эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдлийг харгалзан үзээд эдийн засгийн идэвхжлийг дэмжих зорилгоор бодлогын хүүг тус бүр нэг хувиар бууруулж, 9%-д хүргэсэн. Зургаадугаар сарын хуралдаанаар бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэрийг гаргаж байсан. 

Эдгээр шийдвэрүүдийн үр дүнд өнгөрсөн хугацаанд инфляц зорилтот түвшнээс доогуур байгаа нь цаашид зах зээл дээр эрэлтийг дэмжих бодлогыг үргэлжлүүлэх боломж байгааг харуулж байна.