Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Газрын дундад тэнгист Турк улстай сөргөлдөж буй Грек улс их хэмжээний зэвсэг худалдаж авах болсноо зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Газрын дундад тэнгисийн зүүн хэсгийн байгалийн нөөцийн төлөө тэмцэл Грек, Турк улсуудын хооронд эрчимжиж байгаа.

Турк улс энэ хэсэгт байгалийн хийн хайгуул хийж эхэлсэн нь Грекийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тэд хоёул NATO-гийн гишүүн орнууд бөгөөд тэдний сөргөлдөөнд Европын бусад том гүрнүүд татагдан ороод байгаа.

Грек улс Францаас их хэмжээний зэвсэг техник худалдаж авах болсноо Бямба гарагт зарлажээ. Энэ нь тус улсын хувьд сүүлийн 20 орчим жилийн хугацаанд хийсэн хамгийн том зэр зэвсгийн худалдаа болж байна.

Франц улсаас 18 ширхэг Rafale сөнөөгч нисэх онгоц, дөрвөн харуулын хөлөг онгоц, дөрвөн ширхэг тэнгисийн нисдэг тэрэг худалдаж авах болсноос гадна армийн бие бүрэлдэхүүнээ 15,000 цэргээр нэмэгдүүлж, кибер халдлагаас хамгаалах хүчээ зузаатгах болсныг Грекийн ерөнхий сайд Кирякос Мицотакис мэдээлжээ.

Эдгээрээс гадна танк эсэргүүцэх шинэ зэвсэг, тэнгисийн болон агаарын пуужин худалдаж авахаар болсон байна.

Мицотакис өнгөрсөн долоо хоногт Корсик аралд болсон Өмнөд Европын орнуудын төрийн тэргүүнүүдийн чуулганы үеэр Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзсан юм.

Газрын дундад тэнгисийн сөргөлдөөнд Франц улс Грекийг тууштай дэмжиж байгаа.

Саяхан Макрон Туркийн ерөнхийлөгчид хандаж “улаан шугам” давахгүй байхыг анхааруулсан юм. Хариуд нь Туркийн ерөнхийлөгч Эрдоган “Туркийн асуудалд хутгалдахгүй байх”-ыг Макронд анхааруулж байв.

Тэр бас Грек улсад хандаж, тэнгисийн маргаантай бүсэд “буруу зүйл” хийхгүй байхыг хатуу анхааруулжээ.

Өнгөрсөн сард Туркийн хайгуулын хөлөг онгоц байлдааны хөлгүүдийн хамгаалалтын дор Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт ажиллаж эхэлсэн юм. Тэнгисийн энэ хэсгийг Грек улс өөрийн харьяа бүс гэж үздэг ажээ.

Хариуд нь Грекийн засгийн газар тэнгисийн хөлгүүдээ илгээж, ойролцоох хэсэгт нь Европын зарим орнууд, Арабын Нэгдсэн Эмиратын флоттой хамтарсан байлдааны сургуулилалт эхлүүлжээ.

 

Эх сурвалж: Associated Press