Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний 160 орчим төв маргаашаас үйл ажиллагаагаа эхлүүлнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхэд харах үйлчилгээ бодит байдал дээр хэрхэн хэрэгждэг талаар мэдээлэл хийж байна. 

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/2765839990363202/

Б.Өлзийбат: Хоёр тэрбум төгрөг бол 3,000 хүүхдийг он дуустал хүүхэд харах үйлчилгээний төвд хамруулах мөнгө

Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Өлзийбат "Засгийн газар, Улсын Онцгой комисс хүүхэд харах үйлчилгээнд 2020-2021 онд 2-3 насны хүүхдүүдийг хамруулахаар болсон. Ингэснээр хүүхэд харах үйлчилгээний 160 орчим төв үйл ажиллагаагаа маргаашаас эхлүүлэх гэж байна. 

Энэ үйлчилгээнд төлөвлөсөн хоёр тэрбум төгрөг нь 3,000 хүүхдийг он дуустал хамруулах хэмжээний мөнгө юм. Хоёр тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээнд төлөвлөснийг буруутгаж, цэцэрлэг барихыг дэмжих хүн их байна. Гэхдээ хоёр тэрбум бол 100 ортой нэг цэцэрлэг барих хэмжээний мөнгө. Жилд нэг цэцэрлэг бариад 100 хүүхэд суралцуулах уу, 3,000 хүүхдийг хүүхэд харах үйлчилгээний төвд явуулах уу гэдгийг бодох хэрэгтэй байх" гэлээ. 

Энэ жил хоёр настай 74 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэртээ үлдээд байгаа юм. Гэвч тэднээс ердөө 3,000 нь он дуустал хүүхэд харах үйлчилгээнд хамрагдана гэдгийг тэрбээр мөн дурдлаа. 

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2015 онд батлагдсанаар 2016 оны дөрөвдүгээр сард анхны төв байгуулагдаж байв. Өдийг хүртэлх хугацаанд 21,000 орчим хүүхэд хамрагдаж, 1,100 гаруй хүүхэд харагч бэлтгэгджээ

С.Шүрэнцэцэг: Хүүхэд харагч нарын 80 орчим хувь нь дээд боловсролтой хүмүүс

 
Гэрэл зургийг mpa.mn

Тус холбооны тэргүүн С.Шүрэнцэцэг "2016 онд 400 орчим хүүхэд харах төв байсан бол энэ жил 160 орчим төв үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон.

Улсын хэмжээнд байгаа 1,000 гаруй хүүхэд харагчийн 80 орчим хувь нь дээд боловсролтой хүүмүс. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд харах төвд хүүхдийн онцлогт тохируулан харилцах чадварын сургалтад хамрагдсан байдаг" гэв. 

"Хүүхэд харагч, эцэг, эх хоорондоо зөвшилцөн сард 150 хүртэлх мянган төгрөгийн төлбөр авдаг"

 
Гэрэл зургийг mpa.mn

Мэдээллийн дараагаар Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Өлзийбат сэтгүүлчдийн асуултад  хариуллаа.

-Эцэг, эхчүүд нэмэлт төлбөр төлөх үү?

-Улсаас сард нэг хүүхдэд 136 мянган төгрөгийн хувьсах зардал олгодог. Нэг хүүхэд харагч таван хүүхэд харах бөгөөд хувьсах зардлын 60 хүртэлх хувьд эцэг, эхээс төлбөр авна хэмээн хуульд заасан. Үүнд үндэслэхийн сацуу хүүхэд харагч, эцэг, эх хоорондоо зөвшилцөн сард 150 хүртэлх мянган төгрөгийн төлбөр авдаг. 

-Боловсон хүчний асуудлыг тодруулъя. Хүүхэдтэй зүй бус харьцсан асуудал мэр сэр гардаг. Тэгэхээр хүүхэд харагчийг хэрхэн бэлддэг, яаж сонгон шалгаруулдаг вэ?

-Хүүхэд харах төвүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа дөрвөн жилийн хугацаанд энэ тухай нэг ч гомдол ирж байгаагүй. Хүсвэл эцэг, эхэд нь өдрийн турш хүүхэд нь юу хийсэн, ямархуу байсан тухай камерийн бичлэг үзүүлдэг, орой тараха гарын үсэг зуруулан явуулдаг. Хүүхэд харах төвүүдийг эцэг, эхчүүд сайн хянах хэрэгтэй. Мөн бидэнд хяналт, шалгалт их ирдэг тул үргэлж бэлэн байдлаа хангаж, хууль журмаа дагадаг. 

-Ямар стандарттай байх вэ?

-Нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ 2.5 м.кв байдаг. Мөн хоол цай хийх өрөө нь хүүхдийн тоглох орчноос тусдаа. Цагийн хуваарь нь эцэг, эхийн ажлын цагтай уялдуулан 08:00-18:00 цагт ажилладаг.