Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын БОДИТ БАЙДАЛ

Г.Номин, iKon.mn
2020 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Д.Занданбат /Mpa.mn/

-Фото сурвалжилга-

Хоногт 5,800 оргил ачаалын үед буюу Цагаан сар, Наадмын үеэр хоногт 12,000 хүртэл авто машин зорчдог өндөр ачаалал бүхий Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын шинэчлэлийн ажил хоёр дахь жилдээ үргэлжилж байна.

2019 оны зургаадугаар сараас үндсэн замыг хааж, шинэчлэлийн ажлын эхлүүлсэн. Одоогийн байдлаар тус замын 55 хувьд/113 км/ бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгааг Зам тээврийн сайд Л.Халтар хэвлэлийнхэнд танилцуулан, Улаанбаатараас Дархан-Уул аймаг хүртэл хамтдаа зорчсон юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн шинэчлэж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтаар шинээр нэмж хоёр эгнээ авто зам барихаар төлөвлөсөн. Одоогоор АХБ-ны төслийн хүрээнд 9 мерийн өргөнтэй/хуучин зам нь 6 метрийн өргөнтэй/ хоёр эгнээ зам тавих ажил үргэлжилж байна. Тус замын бүтцийн хувьд,

  • Асфальтбетон хучилт – 5 см,
  • 6 хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь – 20 см
  • 3 хувийн цементээр бэхжүүлсэн хөрсөн суурь – 20 см
  • Суурийн доод үе – 30 см гэсэн бүтэцтэй бөгөөд Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтаар шинээр нэмж барих хоёр эгнээ нь мөн яг бүтцээр хийгдэх юм байна.

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажлыг нэг жилд багтаан дуусгахын тулд таван багц хэсэг болгон хувааж тендер зарлажээ. Ингээд дараах таван багцад, БНХАУ-ын дөрвөн компани шалгарсан байна.

  • I багц: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто зам,
  • II багц: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам,
  • III багц: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам,
  • IV багц: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам,
  • V багц: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам,
Одоогийн байдлаар эдгээр таван багцаас 1, 3, 5 дугаар багцын ажил 50-68 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Харин 2, 4 дүгээр багц дээр нэг компани шалгарсан бөгөөд ажил нь 5-9 хувийн гүйцэтгэлтэй зогсож, энэ жил үндсэндээ ажил нь үргэлжлээгүй аж.

Замын бүтээн байгуулалтын ажлыг багц тус бүрээр нь тоймлон танилцуулбал,

I багцын ажил хамгийн өндөр гүйцэтгэлтэй байна

Зураг дээр дарж томруулж үзнэ үү /Гэрэл зургийг Д.Занданбат, mpa.mn /

Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замыг ажлыг гүйцэтгэхээр “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компани шалгарчээ. Тус компанийн туслан гүйцэтгэгчээр дотоодын “Эсто” ХХК, “Болорболд зам” ХХК, “Дойч роуд” ХХК, “Нарны үүсгэл” ХХК тус тус ажиллаж байна.

Туслан гүйцэтгэгч компаниуд нь түр замын засварын ажлыг энэ оны гуравдугаар сарын 22-ны өдөр эхэлсэн ба дөрөвдүгээр  сарын 25-ны өдрөөс үндсэн зам барилгын ажлыг эхлүүлжээ. Есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар ажлын талбайд нийт 244 ажиллах хүч /үүнээс гадаадын 7, дотоодын 237 хүн/, 108 машин механизм ажиллаж байв.

Бидний эхний зогсоол “Эсто” ХХК-ийн чулуу бутлуур, буталсан чулуун суурийн холигч үйлдвэр, асфальтан завод байсан юм.

I багцын хувьд далан, дэд суурь, цементээр бэхжүүлсэн хоёр давхар суурийн ажил үндсэндээ дууссан бөгөөд асфальтбетон хучилтын талаар “Эсто” ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирал М.Болор-Эрдэнэ "Цагт 300 тонн-ын хүчин чадалтай цементээр бэхжүүлсэн суурийн үйлдвэр ажиллаж байна. Мөн завод өдөртөө 600-700 метр асфальтбетон хучилт хийх хүчин чадалтай. Чулуу бутлуурын хэсэгт одоогийн байдлаар 17 км замын хучилтад хэрэглэх чулуугаа бутлаад бэлдсэн байгаа. Бидний хувьд хүндрэл харьцангуй бага байгаа учраас есдүгээр сардаа багтаагаад хучилтын ажлаа дуусгахаар төлөвлөсөн" гэдгээ хэллээ.

Ажлын гүйцэтгэл 68.5 хувьтай үргэжилж байгаа I багцын 37.26 км зам нэг гүүр, 14 дөрвөлжин хоолой, 36 дугуй хоолойтой бөгөөд хоолойнуудын ажил бүрэн дуусаж, гүүрийн ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна.

Хэт бага дүнгээр тендерт ялсан компанийн гүйцэтгэх 91.3 км замын ажил гацжээ

II болон IV багцын нийт 91.3 км замын ажлыг гүйцэтгэхээр “Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг” групп тендэрт шалгарсан хэдий ч ажил гацсан байдалтай байгааг дээр дурдсан.

Тус хоёр багцын 91.3 км замын 18 км-т гүүр, хоолойн ажлыг эхлүүлж, хуучин замыг хуулаад ажил зогсжээ. Тиймээс I, III, V багцын ажил дуусаж, хөдөлгөөн нээхтэй зэрэгцэн хуучин замын эвдрэлийг нөхөж, зам хуулсан хэсэгт түр зам тавиад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаагаа ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа хэлж байв.

 
Гэрэл зургийг mpa.mn

“Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг” группийн хувьд барилгын ажлын гэрээний өртөг хэт бага тул дотоодын компаниуд туслан гүйцэтгэгчээр орж ажиллах боломжгүй байжээ. Хэт бага дүнгээр тендерт ялсан тус компанийн хувьд 1,000 орчим хятад ажилтан оруулж ирж ажлаа гүйцэтгэхээр төлөвлөсөн байсан ч COVID-19 халдварын улмаас боломжгүй болсон байна. Түүнчлэн ӨМӨЗО-ны Шинжианы бүсэд халдварын хоёр дахь давалгаа гарсантай холбоотойгоор хатуу хөл хорио тогтоосон тул ажлаа гүйцэтгэх боломжгүйгээ энэ оны наймдугаар сард албан ёсоор мэдэгдэж, гэрээ цуцлах үйл явц үргэлжилж байгаа аж.

Яамны зүгээс энэ сардаа багтаан гэрээ цуцлах ажлыг дуусгаад арваннэгдүгээр сард багтаан дахин тендер зарлаж, ирэх оны гуравдугаар сар гэхэд замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа хэлсэн юм.

2019 онд бусад багцтай харьцуулахад маш бага ажил хийгдсэн, 2020 онд удаашралтай байсан учраас ЗТХЯ-наас гүйцэтгэгчээс татгалзах хүсэлтээ санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банканд илэрхийлсээр байсан байна.

III БАГЦ: Бороо бага орж, эрт хүйтрэхгүй бол аравдугаар сард багтаад асфальтан хучилтаа дуусгана гэв

“Гуйжоу Хайвэй Инженеринг Групп” гүйцэтгэгчээр нь шалгарсан III багцын ажил 53 хувийн гүйцэтгэлтэй байна.

Түр замын засварын ажил 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр эхэлсэн бол тавдугаар сарын 23-ны өдрөөс үндсэн зам барилгын ажлыг эхлүүлжээ. Есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар ажлын талбайд нийт 133 ажиллах хүч /үүнээс гадаадын 27, дотоодын 106 хүн/, 86 машин механизм ажиллаж байв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Төслийн захирал Жан Чин Дэ "Энэ жил коронагийн нөлөөнөөс болоод чухал мэргэжилтнүүд маань ирж чадаагүй. Цөөн тооны удирдах багийн хүмүүс ирсэн. Мэргэжлийн хүмүүс дутагдалтайгаас шалтгаалан ажил төлөвлөсөн хугацаанаас хоцорч байна. Бидний хувьд нийт ажлынхаа 70 хувийг гүйцэтгэчихсэн. Төсөв мөнгөний хувьд 55 хувийн санхүүжилт орж ирсэн.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад ажлын хугацаа хэтэрхий богино байдаг. Гэтэл бид хавар эрт ирж чадаагүй. Мөн бороо ихтэй байгаа нь ажлыг удаашруулж байна. Бороо бага орж, эрт хүйтрэхгүй бол бид аравдугаар сард багтаад асфальтан хучилтаа хийж дуусгахаар төлөвлөж байгаа.

Дараагийн хүндрэлтэй асуудал бол ажиллах хүчний асуудал. Намар болоод ажилчид цөөрчихлөө. Ажлын зар тавьсаар байгаа ч хүн олдохгүй байна" хэмээв.

ЗТХЯ-ны зүгээс ажлын гүйцэтгэлийг 53 хувьтай хэмээн үнэлсэн байна. Тус багцын 45.74 замын 17 дөрвөлжин хоолойн ажил 94 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бол 47 дугуй хоолойн ажил бүрэн дуусжээ.

V БАГЦ: Ажлын гүйцэтгэл 50.9 хувьтай, асфальтан хучилтын ажлыг аравдугаар сард дуусгахаар төлөвлөжээ

“Чайна Жео-Инженеринг Корпораци” гүйцэтгэгчээр нь шалгарсан Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км түр замын засварын ажлыг 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдөр эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс үндсэн зам барилгын ажлыг эхлүүлжээ. Есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар ажлын талбайд нийт 144 ажиллах хүч /үүнээс гадаадын 17, дотоодын 127 хүн/, 93 машин механизм ажиллаж байна.

Ажлын гүйцэтгэл 50.9 хувьтай, хучилтын ажлыг мөн аравдугаар сард багтааж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэв. 30.53 км үргэлжлэх тус багцы замд 19 дөрвөлжин, 15 дугуй хоолой байршуулах ажил бүрэн дуусжээ.

Улаанбаатар хотоос өглөөний 08:00 цагт хөдөлж оройн 20:00 цагт Дархан-Уул аймагт очсон аяллын төгсөлд V багцын гүйцэтгэгч компанийн Авто замын барилгын ажлын материал  шинжилгээний лабораторийн үйл ажиллагаатай танилцсанаар өндөрлөсөн юм.

"Авто замын ажлын явцад нэг бүрчлэн хяналт тавьж ачаалал өндөртэй ажилладаг нэгж нь лаборатори бөгөөд хийцийн үе тус бүрд ашиглагдах материалд өдөр бүр шинжилгээ, туршилт хийгдэнэ. Лаборатори шинжилгээ туршилт хийж баталгаажуулаад зөвлөх компаниар баталгаажуулсны үндсэн дээр талбайд тухайн материалыг ашиглаж явдаг. Мөн лабораторид хийх шинжилгээнээс гадна талбай дээр дээр тогтмол туршилтууд хийгдээд явж байгаа" гэдгийг төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер З.Нямсүрэн тайлбарлаж байв.



Дархан-Улаанбаатар чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажлын гурван багцын ажлыг аравдугаар сард багтаан дуусгаж, замын тэмдэг тэмдэглэгээг байршуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад арваннэгдүгээр сарын 1-15-ны хооронд хөдөлгөөн нээхээр төлөвлөж байгааг Зам тээврийн, хөгжлийн сайд Л.Халтар хэлж байв.

Ажлын явцыг удаашруулж буй хүчин зүйлүүдийн талаар албаныхан болон гүйцэтгэгч компаниудын төлөөлөл дараах тайлбаруудыг өгч байв.

- Дотоодын компаниуд яагаад тендерт шалгараагүй вэ?

- Замын ажлыг гүйцэтгүүлэхээр олон улсын нээлттэй тендер зарлаж, Азийн хөгжлийн банкны тавьсан шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа компаниудыг шалгаруулсан. Шалгууруудын талаар тодруулж хэлбэл, борлуулалтын орлого нь 3 жилдээ 19 сая ам.доллароос дээш байх гээд заачихдаг. Тэгэхээр монгол компаниуд орж ирэхэд төвөгтэй.

- Замын бүтээн байгуулалтын ажлыг удаашруулж буй гол хүчин зүйл юу вэ?

- Замын ажлыг удаашруулдаг нэг бэрхшээл нь бороо. 2020 онд гэхэд 35 өдөр бороотой байсан гэсэн тооцоо байна. Нэг өдөр бороо ороход хөрс хаттал бас нэг хоног хүлээдэг гэхээр 70  өдрийн ажлыг борооноос болж алдсан гэсэн үг. Одоо бороо орсоор байгаа нь зам ашиглалтад орох хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж мэдэхээр байна.

Ажил удаашрах дараагийн шалтгаан бол гүйцэтгэгч хятадын компанийн мэргэжилтэн, инженерүүд Монголд орж ирсэн ч COVID-19 халдвараас шалтгаалан 21 хоногийн тусгаарлалтад, мөн 14 хоногийн хяналтад, нийтдээ 35 хоног ажлаа хэвийн явуулах боломж хаагдсан явдал юм.