Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оюунбат: 21 албан тушаалтанд мөнгөн урамшуулал олгосон нь холбогдох журмын дагуу явагдсан ажил

О.Дашням, Өдрийн сонин
2020 оны 9 сарын 14
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ оны эхээр Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы захирамжаар нэр бүхий 21 албан тушаалтныг тус бүр нэг сая төгрөгөөр шагнах шийдвэрийг гаргасан талаарх баримт дэлгэгдээд байна.

Ингэхдээ тэрхүү 21 сая төгрөгийг Улсын Онцгой комиссын данснаас гаргахыг даалгасан байна. Өөрөөр хэлбэл, нэр бүхий 21 дарга иргэдээс цугласан хандивын мөнгөөр өөрсдийгөө сайн ажилласан гэж шагнажээ. Тодруулбал, тэд өөрсдийгөө өнгөрсөн тавдугаар сард Чингэлтэй дүүрэгт бүтэн өдрийн хөл хориог амжилттай зохион байгуулсан, илүү цагаар ажилласан гэж тус бүр нэг сая төгрөгөөр шагнаж, урамшуулжээ.

Тэдний дунд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга Э.Эрдэнэбаатар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Л.Эрдэнэчулуун, дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа нараас гадна одоогийн хотын даргын ажлыг орлож байгаа Ж.Батбаясгалан, газар хэлтсийн дарга нар болох А.Даваажаргал, Т.Гантөмөр, Ц.Уртнасан, Э.Ганхүү, Ү.Ганболд, Ж.Болдбаатар нар багтжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн дарга Д.Баярсайхан, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Д.Ядамдорж нарын 21 албан тушаалтан байгаа нь баримтаар ил болоод байна.

Энэ талаар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Миний дансанд мөнгө орсныг мэдээгүй. Хэрэв хандивын мөнгөнөөс урамшуулал өгсөн бол буцаагаад өгнө” гэж тайлбарлажээ.

Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбатаас үүсээд буй нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Иргэдийн хандиваар цугласан мөнгөнөөс 21 сая төгрөгийг нь нэр бүхий өндөр албан тушаалтнуудад урамшуулал байдлаар олгосон нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Ямар журам зохицуулалтаар хандивын мөнгийг дарга нарт олгосон юм бэ?

-Хандив хүмүүнлэгийн тусламжийг зарцуулах чиглэлээр Монгол Улсын Шадар сайдын 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдөр баталсан журам байгаа. Энэ журмын хүрээнд зохицуулагдсан асуудал.

Энэ журмын хүрээнд Эрүүл мэндийн болон холбогдох байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, тэнд ажиллаж байгаа бүрэлдэхүүний хамгаалах хэрэгсэл, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа хүмүүсийн илүү цагийн зардалд зарцуулж болно гэсэн зохицуулалттай байгаа. Энэ хүрээнд зохицуулагдсан асуудал шүү дээ.

Өнөөдөр яригдаад байгаа 21 сая төгрөгийг 21 даргад өгсөн асуудалд тайлбар өгье. Онцгой комисс сүүлийн жил орчмын хугацаанд өндөржүүлсэн байдлын зэрэгт ажилласан.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга байхдаа албан хаагчдаа урамшуулах чиглэл гаргаж 43 байгууллагын 2,090 алба хаагчийг 855 орчим сая төгрөгөөр урамшуулсан.

Үүний дараа Онцгой комиссын гишүүдэд, удирдлагуудад шагнал урамшуулал олгогдоогүй. Удирдлагууд ч гэсэн адилхан хүн шүү дээ. Бүтэн жил гаруйн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд бүх зохион байгуулалтыг хийгээд завгүй яваа хүмүүс. Эдгээр хүмүүсийг урамшуулах шаардлага байна гэж үзээд нийслэлийн Онцгой комиссын ажлын албанаас санал танилцуулаад гарсан шийдвэр байгаа юм. Хууль бус зүйл огт байхгүй. Эд нар чинь дарга удирдлагууд гэдэг утгаараа юмнаас хоцордог улсууд. Өдөр шөнөгүй ажилладаг хүмүүс.

-Хандивын мөнгөнөөс өндөр албан тушаалтнуудыг урамшуулсан тухай мэдээллээ нээлттэй, шилэн дансанд байршуулсан байсан уу?

-Шилэн дансанд орчихсон нээлттэй зүйлийг гэнэт ухаад гаргаж ирсэн юм шиг шуугиан гаргаж байгаад харамсаж байна. Бид аливаа улстөржсөн асуудалд оролцдоггүй гэсэн юм.

Зураг