Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дорвитой шинэчлэл хийхэд бэлэн үү?

ikon.mn
2020 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ЭРХЭМ ГИШҮҮД ЭЭ!

Та бүхэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсч хөгжсөний 30 жилийн ойн өдрийн мэнд дэвшүүлж, парламентын гишүүний нөр их ажилд тань амжилт хүсье.   

Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 онд баталж мөрдсөнөөс хойш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагад Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу дорвитой шинэчлэл хийж чадалгүй өнөөг хүрчээ. Өмнө нь байсан хотуудаа Үндсэн хуулийн дагуу шинээр харахын оронд аймаг, сум болгосноос эхлээд гажуудсан зүйл ч байна.

Шинэ үеийн түүхийн 30 жилд амжуулж чадаагүй шинэчлэлийг одоо хийж чадах эсэх нь бас л эргэлзээтэй байна. Үүнийг ажил хэрэг болгоход юуны түрүүнд Улсын Их Хурлын гишүүд бэлэн байх учиртай. Дараа нь нутгийн өөрөө удирдах байгууллагууд, бүх шатны Засаг дарга, тэдгээрийн ажлын албаныханд сурталчлан таниулж, зүгшрүүлэх шаардлагатай тулгарах болно.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг  анх 1992 онд баталж мөрдүүлсэн бол 2006 онд шинэчлэн найруулсан байна. Энэ хооронд уг хуулиар зохицуулж байгаа харилцаа нь Үндсэн хуулиар дэвшүүлсэн үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж чадаагүй бөгөөд зарим талаар гажиж хэрэгжсэн байгааг зарим эрдэмтдийн энэ чиглэлээр туурвисан бүтээлүүд, олон улсын байгууллагын болон манай  судлаачдын хийсэн судалгааны дүгнэлт, зөвлөмжид дурдсан байна.

Нэгэнт ийм байгаа болохоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын одоогийн төслийг боловсруулагчид нэгдүгээрт: уг төслийг Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэх, хоёрдугаард: өмнө нь гажуудаж ирснийг засах зорилго дэвшүүлсэн юм. Мэдээж ингэхийн тулд 2019 онд Үндсэн хуульд энэ чиглэлээр оруулсан нэмэлт, өөрчлөлт түлхэц болж өгөв. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр хот, тосгоны эрх зүйн байдлыг улам тодотгож, хот нь улсын болон орон нутгийн зэрэглэлтэй байх, өөрийн удирдлагатай байх, орон нутгийн корпораци байх, хот, тосгоны өөрийн удирдлагад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлж болохоор Үндсэн хуулийн түвшинд тогтоож өгсөн нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн болон хот, тосгоны өөрийн удирдлагын эрхлэх ажлын заагийг тогтооход чухал алхам болов.

Төслийг боловсруулагчид захиргааны эрх зүйн ерөнхий онол, дэлхийн улс орнуудын нутгийн удирдлага, нутгийн өөрийн удирдлагын талаарх судалгааны эх сурвалжуудыг анхааралтай судалж үзсэний зэрэгцээ, Монгол Улсын онцлог, үндэсний аюулгүй байдлын бодлого, хүн амын сийрэг байршил, нийслэл дэх хүн амын төвлөрөл, өөрийн орны уламжлал зэрэг хүчин зүйлийг хуулийн төсөлд харгалзан үзэж тусгахыг эрмэлзсэн гэдгийг тэмдэглэе.

Орон нутгийн сонгууль улс төрийн сонгууль мөн үү?                                                         

Орон нутгийн Хурал улс төрийн шийдвэр гаргах уу? гэсэн асуултад  зөв хариулт өгөх шаардлага тулгарч байна.

Сумын Хурал бол улс төрийн шийдвэр гаргагч биш, нутгийн иргэдийн сайн сайхны төлөө шийдвэр гаргах чиг үүрэг бүхий иргэдийн байгууллага байх ёстой гэсэн  үзэл баримтлал дээр төсөл боловсруулагчид анхаарч, чухам энд зарим гажуудал оршиж байна гэж үзсэн болно.

Үндсэн хуульд “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэсэн болохоос “Төлөөлөгчдийн Хурал” гэж нэрлээгүй нь Хурал иргэдийн байгууллага болохоос улс төрийн шийдвэр гаргах  байгууллага биш гэдгийг нэг мөр илэрхийлж байна гэж үзэх үндэстэй.

Энэ чиглэлээр төрийн байгууламжийн хувьд нэгдмэл зарим улсуудын эрх зүйн зохицуулалтыг судлан үзэхэд нутгийн өөрөө удирдах, ялангуяа анхан шатны байгууллага нь иргэдийн байгууллага байх хандлагатай байна.

Хурал шийдвэр гаргахдаа улс төрийн чиг хандлага баримталж байгааг засах зорилгоор:

а/ Хурал улс төрийн намын бүлэггүй байх, зөвхөн хороодтой байх чиглэл барив.

б/ сумын хурлын төлөөлөгчийн сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байхаар тусгав

Манайд ялангуяа сумын түвшинд улс төрийн намаар талцан хагаралдах явдал хэрээс хэтэрч, баг, сумын удирдлагад нэр дэвшүүлэхээс эхлээд, нийгмийн халамжид иргэдийг хамруулах, мэргэжилтэй боловсон хүчнийг ажил, албан тушаалд томилон ажиллуулах, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх зэрэгт намын харьяаллаар ялгаварлан гадуурхах зохисгүй хандлага бугших шинжтэй болж байна. Энэ талаар иргэд ч санал хүсэлтээ байнга илэрхийлэх болжээ.

Ийм учраас сумын иргэдийн төлөөлөгчийн сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, сумын Хуралд улс төрийн намын бүлэг байгуулахгүй байх нь сумын түвшинд боловсон хүчнээ аль намын харьяалалтайгаас үл хамааран боловсролын түвшин, ур чадвар, удам угсааг нь харгалзан зөв байршуулж ажиллуулах, иргэдэд улс төрийн намын харьяаллын ялгаваргүйгээр төрийн үйлчилгээг хуульд заасны дагуу шударга, жигд хүртээх зэрэг эерэг үр дагавартай гэж төсөл боловсруулагчид үзсэн болно. Энд “удам угсаа” гэж бичсэнийг “үе дамжин томилогдох” гэж битгий ойлгоорой. Нэг сумынхан дотроо хэнийхэн нь ажилсаг, үнэн үгтэй, хүн сайтай, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, гүйлгээ ухаантай, бусадтай харьцах ур дүйтэй” -г сайн мэддэг гэдгийг л илэрхийлж байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааны дагуу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэн найруулсан төслийг энэ оны хаврын чуулганы төгсгөлд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэж, сая ээлжит бус чуулганы үеэр анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн ч Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дүгнэлт гаргаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг намрын ээлжит чуулган хүртэл хойшлуулахаар болов.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг авч үзэхэд орон нутгийн чиг үүргийн хуваарилалтыг оновчтой болгох зарим алхам хийснийг эс тооцвол, Улсын Их Хурлын энэ асуудалд хамгийн ойрхон Байнгын хорооны гишүүд засаг захиргааны дорвитой шинэчлэл хийхэд төдийлөн бэлэн биш байгааг илтгэнэ. Тоймловол:

  1. Уг дүгнэлтэд сумын иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, Хуралд улс төрийн намын бүлэг гэсэн зохион байгуулалтын бүтэц ажиллахгүй байх зохицуулалтыг шинээр оруулж, нутгийн өөрөө удирдах байгууллага бол улс төрийн бус, иргэдийн байгууллага байх үндэс суурь тавьсаныг тус хорооны гишүүд дэмжээгүй байна. Ингэснээр сум бүрт байнгын бус ажиллагаатай, нам, намаараа улс төржиж талцсан жижиг парламент байхыг дэмжиж байна л гэсэн үг. Үүнийг цааш нь гүнзгийрүүлэх юм бол иргэдээ нам намаар талцуулан шөргөөцөлдүүлэхийг дэмжлээ гэж бас ойлгож болно. Түүнчлэн төслийн зарим заалтад Хурал дахь улс төрийн намын нөлөөг улам бэхжүүлэх чиглэлийн зохицуулалтыг  нэмсэн байна.
  2. Төсөл боловсруулагчид Хурлын төлөөлөгч аль болохоор Засаг даргаас бага хамааралтай байх зохицуулалтыг төсөлд тусгасныг Байнгын хорооны дүгнэлтэд  хасахаар шийдвэрлэсэн байна.
  3. Хуралд огт хамааруулж болохооргүй  концесс, үнэт цаасыг Хурал гаргахаар нэмж тусгасныг ч анхааралдаа авч засах учиртай.

Улсын Их Хурлын гишүүдийг Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан   буруутгаад байгаа юм биш. Заавал төслийг боловсруулагчидтай адил саналтай байх албагүй. Судлаачдын дэвшүүлсэн үндэслэл, саналыг бүрэн хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүртэл итгэл үнэмшлийг тэд олж авч амжаагүй байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ өргөн барьсан төсөл дэх шинээр дэвшүүлсэн асуудал бүрд туйлын нухацтай хандаж, өнөөгийн жижиг эрх ашгаас өнө холыг харсан том эрх ашгийг дээгүүр тавьж шийдвэрээ гаргаж байх нь сонгогч ард түмнээс Улсын Их Хурлын гишүүд та бүхэнд зээлдүүлсэн эрх мэдлийн гол гогцоо гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Сумын түвшинд иргэдийн төлөөлөгчийн сонгуульд  улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, Хуралд улс төрийн намын бүлэг ажиллахгүй байх нь анхан шатанд намуудын байр суурийг сулруулж, улмаар суманд улс төрчдийг дэмжих хөлгүй болно гэж гишүүд болгоомжилж байх шиг байна. 

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Арван ес 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “1. Нам Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-д заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж зааснаар эрх баригч намын бодлого дээрээсээ доош нэвт хэрэгжих үндсийг бүрдүүлсэний зэрэгцээ одоо үйл ажиллагаагаа явуулж буй улс төрийн намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг үгүйсгээгүй бөгөөд үйл ажиллагааны хүрээг нь Үндсэн хуулийн түвшинд улам баталгаажуулсан билээ. Нөгөө талаас сумын Засаг даргыг Ерөнхий сайдын томилсон аймгийн Засаг дарга томилж байгаа учраас төрийн бодлого нэг мөр хэрэгжих нөхцлийг бүрдүүлэх болно.

Бас сумын Хурал хэт биеэ дааж, төв Засгийн газартаа захирагдахгүй болно гэсэн болгоомжлол  байхыг ч үгүйсгэхгүй.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сумаа аваад салаад явчихгүй ээ. Хэрэв сумын Хурал төрийн бодлогод үл нийцэх шийдвэр гаргах аваас Засаг дарга хориг тавих эрх хэмжээ  давхар ажиллах ёстой. Хурал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна гэж үзвэл түүнийг тараах, Хурлын шийдвэр бүртгэгдэж байх зэрэг зохицуулалт нь Хурал нэгдмэл улсын нутаг дэвсгэрийн тогтвортой нэгж байхад түүний бүтцэд улс төрийн намын бүлэг ажиллахаас дутахааргүй хөшүүрэг болох юм. Түүнчлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төсвийг бүрдүүлэхэд улсын төсвийн санхүүжилт зонхилох байр суурь эзэлсээр байгаа нь  сум төв засгийн газраас хамааралгүй болно гэсэн болгоомжлолыг үгүйсгэх болно.

Ер нь Монгол Улсад төрийн дээд түвшинд Улсын Их Хурлын сонгуульд л улс төрийн намууд хөтөлбөрөөрөө уралдаж, түүнийг нь бүх нийтээрээ шалгаруулдаг ардчилсан тогтолцоо хэрэгжиж, энэ хөтөлбөр нь Засгийн газар, шат шатны Засаг даргаар дамжин улс орон даяар нэг мөр хэрэгждэг байхад, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд шат шатны намын байгууллага нь давхар давхар хөтөлбөр дэвшүүлэн өрсөлдөх нь төдийлөн зохимжтой биш гэж үзсэн хэрэг.

Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өмнө нь байгаагүй дараах шинэ зохицуулалтуудыг тусгасныг улс төрчдөөсөө эхлээд нийт иргэд зөв ойлгож, хүлээн авна гэдэгт итгэж байна. Үүнд:

  1. Засаг даргын бүрэн эрхэд хуучин тогтолцооны зарим эрх хэмжээ инерцээрээ шилжиж, хэрэгжиж ирснээр Засаг дарга аж ахуйн шинжтэй цөөнгүй бүрэн эрхийг хэрэгжүүлж ирсэн байгаа юм.

Ялангуяа одоогийн аймгийн төвийн сумыг хотын эрх хэмжээтэй болгосноор Засаг даргад төвлөрч байсан аж ахуйн шинжтэй зарим бүрэн эрхийг хотын Захирагчид шилжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж батлах явцад аймаг болоод нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг дахин нягтлах шаадлага үүсэх болно.

  1. Төсөлд анх удаа хуулийн зорилт нь алс хэтдээ хүрэх зорилгыг тодорхойлох чиглэл баримталсан. Тухайлбал:

а/ Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх зарчмыг хангах:

б/ иргэд төрийн ба орон нутгийн үйл хэрэгт шууд болон сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулж оролцох эрх зүйн үндсийг бүрдүүлэх;гэж томьёолов.

  1. Орон нутгийн чиг үүргийг шинээр тодорхойлж, түүнийг аймаг,сум, багт болон нийслэл, дүүрэг, хороонд салгаж хуваарилах чиглэл баримталснаар өмнө нь мөрдөж ирсэн хуулиар аймгийг нийслэлтэй, сумыг дүүрэгтэй адилтгасан гэдэг шүүмжлэлээс зайлсхийсэн болно.
  2. Орон нутгийн чиг үүргийг хуваарилахдаа аймаг бол сумуудаас бүрдэнэ, харин нийслэл нь дүүргүүдэд хуваагдана гэсэн зарчим баримталсан нь цоо шинэ хандлага гэдгийг тэмдэглэе.
  3.  Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2019 онд оруулсан өөрчлөлтөөр хуралдааны чөлөө цагт хэрэг дээрээ Хурлын бүрэн эрхийг  хэрэгжүүлж ирсэн Тэргүүлэгчид ажиллах зохицуулалтыг халсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуралдааны шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, дараагийн хуралдааны бэлтгэл хангах, Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах гэсэн хязгаарын хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий Хурлын зөвлөл байгуулахаар заасан болно. Ингэснээр Хурал өөрийнхөө бүрэн эрхийг хэнтэй ч хуваалцахгүйгээр нэг мөр хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэв.
  4. Хуучин байсан 1930-аад оны уламжлалыг харгалзан багийн чиг үүрэгт хамаарах асуудлыг иргэдийн нийтийн Хурлаар шийдвэрлэхэд   хүн амын байршлын бүс тус бүрээс иргэдийг жигд   хамруулах зорилгоор багийг аравтад хуваах зохицуулалт шинээр тусгасан болно.   Энэ зохицуулалт цаашдаа Хэнтий аймгийн жишгээр аравтын өрхүүд хөдөлмөрөө хорших чиглэл рүү шилжих эерэг үр дагавар авчирна гэж үзэж байна.                          
  5. Нэгдмэл Улсын хувьд орон нутгийн Хурал үүргээ биелүүлж эс чадвал төв Засгийн газраас үүнийг хянан үзэж тараах хүртэл арга хэмжээ авах эрх зүйн боломжийг нээж өгөв.
  6. Орон нутгийн төсвийн эх үүсвэр нь өөрийн бүрдүүлсэн татварын орлогын эх үүсвэрийн 60 орчим хувь, төсвийн санхүүжилт, төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэхтэй холбоо бүхий улсын төсвийн санхүүжилтээс бүрдэх юм. Хуучин ихэнх татварыг дээш нь төвлөрүүлж байсныг ийнхүү зөөлөлснөөр орон нутагт татвараа бүрэн хураах хөшүүрэг болно гэж үзэв.

Харин орон нутгийн төсвийн суурь зарлага нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдох урсгал болон хөрөнгийн зардлаас бүрдэхээр тусгав. Ингэж шинээр зохицуулсан учраас хөдөөгийн тодорхой сумын сургууль, эмнэлэг, соёл, спортын барилгын дээврийн засварын талаар Улсын Их Хурлын танхим, Засгийн газарт ярихгүй болж, нутгийн удирдлагын байгууллагад энэхүү эрх мэдэл, зарцуулах эх үүсвэртэйгээ хамт шилжиж байгаа болно.

  1. Засаг дарга нутгийн өөрийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төр засгийн төлөөлөгчийн хувьд орон нутагт хуулийн хэрэгжилтийг хангах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнтэй холбогдуулан тэрээр Хурлын шийдвэрийг хэрэгжүүлээгүй бол Хурлын өмнө, хууль хэрэгжүүлэх ажилд хариуцлага алдвал Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө шууд хариуцлага хүлээх болж байгаа юм.


Улсын Их Хурлын дарга,  эрхэм гишүүд ээ !

Манай эрдэмтэн судлаачдын туурвисан бүтээл болон олон улсын байгууллага, судлаачдын удаа дараагийн судалгааны ажлын үр дүн, зөвлөмж, дүгнэлтэд тулгуурлан боловсруулсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр дэвшигдсэн засаг захиргааны шинэчлэлийн үзэл санааг дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтэд тусгагдсан асуудлын заримыг нь дахин хянан үзэж, хуулийн төслийг хуучинтайгаа зууралдалгүй, шинэчлэлд хөтлөгдөн баталж мөрдүүлнэ гэдэгт гүнээ итгэж байгаагаа уламжлая.

 

БНМАУ-ЫН УЛСЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН АСАН, СУДЛААЧ ЦЭДЭВИЙН ТОВУУСҮРЭН