Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин гадаад хэргийн яамныхаа ажилтны үйлдлийн төлөө Сербийн ерөнхийлөгчөөс уучлал гуйжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Сербийн ерөнхийлөгч Александр Вучич АНУ-ын ерөнхийлөгчтэй Цагаан ордонд

Өнгөрсөн долоо хоногт Балканы хойг дахь ОХУ-ын гол холбоотон Серби улс өөрөөс нь салан тусгаарласан Косово улстай харилцаагаа хэвийн болгох тохиролцоонд Вашингтоны зуучлалтайгаар хүрсэн юм. Шинээр байгуулагдсан Косово улсыг Серби, ОХУ хоёр хүлээн зөвшөөрдөггүй.

Ёслолын арга хэмжээ Цагаан ордонд болж, Серби, Косово улсуудын ерөнхийлөгч нар оролцсон байна.

Энэ үйл явдлын дараа Ням гарагт ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өөрийн фэйсбүүк хуудсанд Сербийн ерөнхийлөгч Александр Вучичийг доромжилсон өнгө аястай мэдэгдэл хийж байв.

Тэрбээр Вучичийн Дональд Трампын өмнө суугаа зургийг “Basic Instinct” киноны жүжигчин Шэрон Стоуны хөлөө ачин сууж буйг харуулсан зурагтай харьцуулаад “Хэрвээ та Цагаан ордонд уригдсан ч байцаагдаж байгаа мэт суусан бол хоёрдугаар зураг дээрх шиг байрлалаар суувал зохино” гэж бичжээ.

 

Түүний энэ пост тэр дороо Орос-Сербийн харилцаанд асуудал үүсгэсэн юм.

Сүүлд Захарова бичсэн зүйл нь буруу ойлгогдохоор болсныг тайлбарлаад уучлал гуйжээ. Тэрбээр Сербийн ерөнхийлөгчийг доромжлох зорилгогүй, харин Америкийн дээрэнгүй зан байдлыг шүүмжилснээ тайлбарласан юм.

 
ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова

Харин өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ явдлын төлөө Сербийн ерөнхийлөгчөөс албан ёсоор уучлал гуйсан тухай хоёр улсын албаныхан мэдээлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хувьд бусдаас уучлал гуйх нь маш ховор үзэгдэл юм. Александр Вучич өөрийн улсын хэвлэлд ярихдаа “Ерөнхийлөгч Путин өмнө нь надаас ямар ч шалтгаанаар уучлал гуйж байгаагүй. Гадаадын хэргийн сайд Сергей Лавров хүртэл тэгж байгаагүй. Гэтэл сая хоёул уучлал гуйлаа” гэж ярьжээ.

“Манай хоёр орны харилцаа сайн байгаа тул би энэхүү жижиг асуудалд ач холбогдол өгөөгүй” гэж Вучич нэмж хэлсэн байна.

 

Эх сурвалж: BBC