Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн тахлаас сэргийлэхийн тулд Умард Солонгост хил зөрчигчдийг шууд буудах тушаал хэрэгжиж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн тахлаас сэргийлэхийн тулд Умард Солонгосын удирдагчид Хятадын хилээр зөвшөөрөлгүй давж ирсэн хүмүүсийг өчиггүй буудах тушаал өгсөн тухай Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн командлагч өчигдөр мэдээлжээ.

Умард Солонгос өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын ганц ч тохиолдол илрээгүй гэсэн мэдээллийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад өгч байгаа.

Халдварыг хязгаарлах зорилгоор тус улс өөрийн гол холбоотон Хятад улстай залгаа хилээ энэ оны нэгдүгээр сараас эхлэн хаасан юм.

Гэвч сүүлийн үед Умард Солонгосын дотоодод эдийн засгийн байдал хүндэрснээс Хятадын талаас нууцаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх явдал нэмэгдсэн нь ийм хатуу арга хэмжээ авахад хүргэсэн байж болзошгүйг Өмнөд Солонгос дахь АНУ-ын зэвсэгт хүчний командлагч Роберт Абрамс мэдээлжээ.

Умард Солонгосын эрх баригчид Хятадын хилийн шугамнаас дотогш 1-2 км үргэлжлэх буферын бүс шинээр үүсгэж, хамгаалалтыг чангатгасан ба энэ бүсэд нэвтэрсэн хэнийг ч шууд буудах тушаал өгсөн гэнэ.

Хил хааснаас Умард Солонгост Хятадаас нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний хэмжээ 85 хувиар унасан гэж тооцоолж байгаа аж.

Үүнээс гадна тус улс саяхан болж өнгөрсөн Майсак далайн хар салхинд нэрвэгдэж, ихээхэн хохирол амссан юм. Энэ гамшгийн үеэр 2,000 гаруй өрх айл орох оронгүй болсон гэсэн мэдээлэл байна.

“Пёньяны дэглэм яг одоо гамшгийн дараах сэргээн босголт, коронавирусийн халдвараас сэргийлэхэд бүх анхаарлаа хандуулаад байгаа тул ойрын үед зэвсгийн туршилт, өдөөн хатгасан ажиллагаа явуулахгүй байх төлөвтэй байна” гэж Роберт Адамс CSIS (Center for Strategic and International Studies) байгууллагаас зохион байгуулсан онлайн чуулганд оролцох үеэрээ мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP