Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Израйль, Бахрейн улсуудыг “эвлэрүүлснээ” Дональд Трамп зарлав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ойрх Дорнодын зөрчлийг арилгаж, энх тайван байдал тогтоох зорилгын хүрээнд Израйль, Бахрейн улсууд хоорондоо дипломат харилцаа тогтоох болсныг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлажээ.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд Арабын хоёр дахь улс ийнхүү Вашингтоны зуучлалтайгаар хуучин дайсан Израйль улстай харилцаагаа хэвийн болгож байна.

Наймдугаар сарын дундуур Арабын Нэгдсэн Эмират Улс мөн Израйльтай харилцаагаа хэвийн болгох болсныг Цагаан ордонд зарлаж байв.

“Хоёр улс харилцан элчин сайдын яамдаа нээж, шууд нислэг үйлдэж эхлэхээс гадна эрүүл мэнд, бизнес, технологи, боловсрол, аюулгүй байдал, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр болж байна” гэж Трамп мэдэгджээ.

Гэрээнд гарын үсэг зурах ёслол ирэх долоо хоногийн Мягмар гарагт Цагаан ордонд болох гэнэ. Энэ үеэр Арабын Нэгдсэн Эмират Улс мөн Израйльтай энхийн гэрээ байгуулахаар болжээ.

Трампыг зарлахаас өмнө Бахрейны хаан Хамад Бин Иса Аль Халифа, Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нар хоорондоо утсаар ярьсан байна.

Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Арабын орнуудтай дайсагнасан харилцаатай байсан Израйль улстай 1979 онд Египет улс, 1994 онд Йордан улс энхийн гэрээ байгуулж байсан түүхтэй. Арабын ертөнцийн бусад бүх улс орнууд Израйлийг хүлээн зөвшөөрдөггүй байв. 

Дональд Трамп арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох сонгуульд ялахын тулд АНУ-ын гадаад бодлогын салбарт ялалт байгуулж буйгаа харуулахыг зорьж байгаа.

“Намайг анх ерөнхийлөгчөөр сонгогдож байхад Ойрх Дорнод нь үймээн самуунд автсан бүс нутаг байсан. Өөр олон улс орон энэ жишгийг дагана гэдэгт би итгэлтэй байна” гэж Трамп хэлжээ.

Наймдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улс, Израйлийн харилцаа хэвийн болох тохиролцоонд хүрснийг зарлахад  Палестин, Ираны удирдагчид эсэргүүцэн хүлээж авсан юм.

Палестины тал энэхүү гэрээг “ар нуруунд хутга шаасан хэрэг” хэмээн тодорхойлж, Иран улс АНЭУ-ыг урвагч гэж нэрлэж байв. 

 

Эх сурвалж: AFP