Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хараагдсан баялгаа аваръя

ikon.mn
2020 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

“Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян”. Гэвч ингэж хоосон цээжээ дэлдсээр байтал тун удахгүй энэ баялаг ширгэж дуусах шинжтэй. Хүнээр жишвэл манай улсын хөгжлийн зүрх нь хөдөө аж ахуйн салбар юм. Зүрх зогсвол амьдрал зогсно. Тиймээс ч хүн зүрхээ өвдвөл адаглаад эм уудаг шүү дээ. Гэтэл манай улс эдийн засгийнхаа зүрх болсон мал аж ахуйн салбараа зүгээр л хог дээр гаргаад олон жил боллоо. 

ХАА-н салбар нөхөн сэргээгддэг, шавхагдашгүй баялаг. Харин уул уурхайн салбараас болж эх орны маань гол мөрнүүд татарч, хэвлийгээ ухуулж төнхүүлээд үлдэж байна. Энэ бол шавхагддаг баялаг учраас тэр. Яаж ч бодсон ирээдүйгээ бодъё гэвэл эдийн засагт өгөөжтэй, ард түмэндээ ээлтэй салбараа л дэмжмээр санагдах юм. 

Гэвч БНХАУ гэх экспортын ганцхан зах зээлтэй, хамаг ашиг шимээ урд хөршийн наймаачдын халаасанд хийчихдэг хэвээр. Энэ салбарын хөгжил яг л аймаг бүрийн хогийн цэг дээр овоолон хаягдаж байгаа өмхийрсэн арьс шир, түүхий эдийн хамар цоргих өмий исгэлэн үнэр шигээ болчихоод байна. 

Уг нь үе үеийн УИХ, Засгийн газраас Монгол улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлахдаа ХАА салбар, тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбар бол Монгол улсын хөгжлийн тулгуур гэж тунхагладаг. Гэсэн ч ингэж сайжирсан гээд харуулчих ганц жишээ ч алга. Харин ч сахил хүртээд шал дордов гэгчээр Эмээлтийн аж үйлдвэрийн паркийн төслийн ажлыг эхлүүлнэ гээд 10 жил болсон ч тэр нь ганц шон хатгаагүй цаасан дээрээ л хэрэгжиж байна. 
Энэ төслийн хажууд  овоо үр дүнтэй яваа нь Дарханы арьс ширний цогцолбор. Уг нь энэ цогцолбор баригдчихвал малчид үнэгүй шахам болчихоод буй арьс, ширээ тушаагаад амьжиргаагаа сйжруулах, гүн боловсруулалт хийгээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрээд долларын экспортыг эхлүүлэх боломжтой. Тийм ч  учраас УИХ-д хөдөө аж ахуйн экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах лобби бүлэг байгуулагдсанаа зарласан. 

Тэдний хамгийн түрүүнд барьж авах ажил нь арьс ширний салбар гэдгийг сүүлийн үед цацагдаж буй мэдээллээс харчихаж болохоор байна. Үнэхээр ч алга ташиж олзуурхмаар алхам. 

Мал аж ахуй, арьс ширний экспортыг нэмэгдүүлснээр манайд ирэх өгөөж их. Одоогоор бид 70 сая малынхаа арьс шир, ноос ноолуураас жилдээ 1.6 тэрбум ам.доллар олдог. Үүнээс ч ихийг олох боломж бий. Наад захын жишээ гэхэд л арьс шир. Гэвч бид одоогоор жилд 16 сая мал нядалж, үүнийхээ 80 гаруй хувьд нь анхан шатны боловсруулалт хийсэн болоод БНХАУ руу гаргаж байна. Үүнийг Улаанбаатарын ойр орчмын хятад голдуу эзэнтэй  үйлдвэрүүд анхан шатны боловсруулалт хийдэг гэсэн үг. 

Товчхондоо Монголын арьс ширний салбар хятадуудаас хамараалтай гэхэд хилсдэхгүй. Шуудхан хэлэхэд монголчууд арьс ширний салбараас олох орлогынхоо ихэнхийг урд хөршид алдсаар өнөөг хүрлээ. 

Ганц арьс шир ч биш малын гаралтай түүхий эдийн ихэнх нь яг ийм хувь тавилантай. Ядаж л  хагас боловсруулаад экспортолбол жилд олох ашгаа 5.8 тэрбум доллараар нэмэгдүүлж Монголын хөдөөг хөгжүүлж малчдаа дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх боломжтой гэсэн тооцооллыг эдийн засагчид гаргаад удаж байна. 
Тиймээс л төр засгаас малынхаа арьс, ширийг хог болгож хаяулахгүйн тулд  гаргасан шийдэл нь  Дарханы арьс ширний цогцолбор. 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багт “Дархан арьс ширний цогцолбор”-ын 180 га газрыг олгож төслийн хүрээнд орон нутгийн өмчит компанийг байгуулан ажиллаж байгаа. 

Хувийн хэвшлийн компаниуд цогцолборын дэд бүтцийн бүтээн байгуулалтаа хийж, эрчим хүч, дулааны ажлаа хийчихсэн. Өөрөөр хэлбэл суурийг нь цутгачихсан л гэсэн үг. Харин одоо энэ суурин дээр үйлдвэрээ барьж, үйлдвэрлэл хөгжих учиртай. 

Ер нь олон улсын жишгийг харсан ч тухайн улсын хувьд мега, том гэж хүлээн зөвшөөрөгдөхүйц төслийнхөө дэд бүтцийг улсаас хийж өгдөг жишигтэй. Харин манайд шаардлагатай санхүүжилтийг нь яаратай шийдээд, нэгэнт төр засгийн хэмжээнд баталчихсан ажлаа урагшлуулъя гэсэн сэтгэлтэй төрийн яам тамгын газар гэж алга.  

Муу хэлээд байдаг Хятадад л гэхэд 6,600 гаруй аж үйлдвэрийн парктай. Улсаас нь дэд бүтэц, газар, гарааны хөрөнгө оруулалтыг нь шийдвэрлээд өгчихдөг. Уг нь манай улсын хувьд ч ялгаагүй хуулиараа тийм үүрэг хүлээчихсэн. Мега төслүүдийн санхүүжилтийг шийдэх зорилготой Хөгжлийн банк ч бий. Тус банкаар дамжуулан бодлогын хөнгөлөлттэй зээлийг хувийн хэвшилдээ авч өгч дэд бүтцийг нь үнэгүй шийдэж өгөх үүрэг нь төрд бий. Гэтэл манай улсын хувьд цар тахлын хэцүү цагт амжилттай хэрэгжиж буй том төслүүдээ төрөөс дэмжихгүй, харин ч санхүүжилтийг нь өгөхгүй гацааж байгаагийн тод жишээ нь Дарханы арьс ширний цогцолбор болчихоод байна. 

Хамгийн том хөрөнгө оруулалт шаардсан дэд бүтцийн ажлыг хувийн хэвшлийнхэн мөнгөө гаргаад шийдчихээд байхад үйлдвэрээ барих зэрэг асуудалд нь хүйтэн сэтгэлээр хандах нь лав л зөв бодлого биш байх.  

Цаашид арьс ширний салбараа доллар болгох уу, хог хэвээр үлдээх үү? Энэ асуултын хамгийн зөв гарц гаргалгаа нь төр, хувийн хэвшлийн түншлэл. Ингэж байж дэлхийг нөмөрсөн цар тахлын үед бид мэнд үлдэж чадна. Цар тахлын үед улс орнууд дотоод нөөц бололцоогоо шавхъя, амь амиа бодохоос өөр гарц алга гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн. 

Тэгвэл дотоодынхоо нөөцийг шавхаж доллар олж болох эхний төсөл нь амжилттай хэрэгжээд явж байна, Сангийн сайд аа. 

Хөрөнгө мөнгийг нь шийдээд өгчихвөл Монгол улс арьс ширнээс багагүй доллар олж, Хятадуудад булаалгасан боломжоо буцааж авч чадна. Өнөө маргаашаа бодсон хүнд бол арьс ширний салбараа хөгжүүлэх гол газар нь Эмээлт орчинд гэж харагдах нь тодорхой. Гэвч эрдэмтдийн тооцоолж байгаагаар өдрөөс өдөрт хот тэлж байгаа учраас тун удахгүй Эмээлт хотын төв хэсэгтэй орох болно. 

Тиймээс хот дагасан арьс ширний жижиг үйлдвэрүүдийн хөрс, усны бохирдолд үзүүлж байгаа асуудлыг шийдэж, арьс ширээ эцсийн бүтээгдэхүүн болгож доллар олох боломжоо нэмэгдүүлэх цорын ганц зөв хувилбар нь Дарханы арьс ширний цогцолбор гэж харагдаад байгаа юм. 

Уг нь олон улсын нэртэй брэндүүд  аль хэдийнэ манайхыг сонирхоод эхэлчихсэн. Дарханы арьс ширний цолгцолборын ноос ноолуурын үйлдвэрийн боловсруулсан бүтээгдэхүүнийг Zara, Louis Vuitton  зэрэг дэлхийн брэндүүд авах захиалга хийж, гэрээгээр баталгаажуулчихсан юм билээ. Гэтэл өнөөдөр үйлдвэрлэл нь байхгүй учраас арьс, шир хог дээр хаягдсан хэвээр байна.  

Нэгэн цагт түүхий эдийнхээ мөнгөөр цагаан сараа угтчихдаг байсан малчид өнөөдөр хонины нэхийгээ 800-1000 төгрөгөөр өгсөн шигээ сууж байгаа. Нэг ширхэг амны хаалт ч авч дийлэхгүй мөнгөөр үхрийн ширээ урд хөршийн наймаачдад өгч байна гээд төсөөл дөө.  
Эцэст нь нэг асуулт байна аа. Монгол Улс жилдээ бэлтгэж буй арьс ширнийхээ 80 хувийг Хятадын зах зээл рүү тавиад туучихдаг, Хятадын түүхий эдийг ханган нийлүүлэгч орон байсаар л байх уу? Үгүй гэвэл ажлаа урагшлуулъя. Цагийн юм цагтаа. Одоо хэрэгжүүлэхгүй бол хэзээ гэж?