Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

"2016-2020 онд нийслэлийн боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт нь сүүлийн 20 жилд байгаагүй их хэмжээ"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 9 сарын 11
iKon.MN
 
гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалт, тусламжаар боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын мэдээллийг нэгтгэсэн “Нийслэлийн Боловсролын Салбарын Хөрөнгө Оруулалт 2016-2019 онд” нэртэй гарын авлагыг өнөөдөр танилцууллаа.  

Танилцуулгын үеэр “Нийслэлээс анх удаа боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын мэдээллийг олон улсын байгууллагуудын тусламжтайгаар бэлтгэн гарын авлага болголоо. Боловсролын салбарт хийгдсэн хувийн хэвшлээс бусад бүх хөрөнгө оруулалтыг иргэдэд нээлттэй  болгож буйгаар энэхүү гарын авлага онцлогтой. Бид зургаан сарын турш мэргэжлийн хүмүүсийн баг бүрэлдэхүүнтэйгээр ажилласан бөгөөд гурван жилийн хугацаанд хэрэгжсэн 2,231 төслийг 65 нарийвчилсан үзүүлэлтээр мэдээллийн сан үүсгэж нэгтгэн дүгнэсэн.

 
гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2016-2020 оны хугацаанд боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт нь сүүлийн 20 жилийн хугацаанд байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт байсан” хэмээн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга Н.Эгиймаа онцоллоо. 

"Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 7,600 гаруй ажлын байр нэмэгдсэн"

 
гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Энэхүү эмхэтгэлд нийтдээ гурван жилийн хугацаанд боловсролын салбарын хийж хэрэгжүүлсэн 2.231 төслийн мэдээллийг багтаасан.

Нийтдээ 33 сургууль, 77 цэцэрлэг 2016-2019 оны хооронд ашиглалтад орсон. Энэ онд 60 цэцэрлэг, 35 сургуулийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар  27 сургууль цэцэрлэгийг хүлээн авч, 112 сургууль, 162 цэцэрлэгт засвар тохижилтын ажлын хийж хэрэгжүүлсэн. Энэ хөрөнгө оруулалтуудын үр дүнд цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 82 хувьд хүрсэн юм. 

Ингээд өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийтдээ 636 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтын ажилд оролцож нийт 7,600 гаруй ажлын байр нэмэгдсэн.  Үүнээс шинээр 2,800 гаруй ажлын байр нэмэгдсэн үр дүнтэй хөрөнгө оруулалт болсон. Татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулах, хуваарилах ажлыг нийслэлийн зүгээс тодорхой судалгаа, эрэмбэ шалгууртайгаар хэрэгжүүлэх бодлого баримтална” хэмээв.

Нийслэлийн нутаг дэвсгэрт хийгдсэн боловсролын салбарын хөрөнгө оруулалтуудыг дараах чиглэлд хуваан, холбогдох датаг цуглуулжээ. Үүнд,

  1. Нийт
  2. Барилга
  3. Их засвар
  4. Тохижилт
  5. Тоног, төхөөрөмж
  6. Дүүргээр

"Аливаа улс цаашид хэрхэн ажиллах ёстойгоо холбогдох датад суурилж, шийдвэр гаргах хэрэгтэй" 

 
гэрэл зургийг MPA.mn

Гарын авлагын талаар Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал, Ерөнхий консул Стефани Бурри “Дата гэдэг их чухал. Аливаа улс орон, Засгийн газар цаашид хэрхэн ажиллах ёстойгоо холбогдох датад суурилан мэдэж, шийдвэр гаргах хэрэгтэй байдаг. Найдвартай дататай байж сайн яриа хэлэлцээр хийж чадна. Улсын төсвийн байгууллагуудад ч сайн  эх сурвалж болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэв.  

ВИДЕО: 

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/642894699944923/