Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрийн үйлчлэгчээ хулгайд гүтгэсэн Сингапурын нисэх буудлын захирал огцорлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас Ли Мүн Лён, Парти Лиян нар

Дэлхийн хамгийн шилдэг нисэх онгоцны буудал гэгддэг Сингапурын Чанги олон улсын нисэх буудлын ерөнхий захирал Лю Мүн Лён өчигдөр албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргажээ.

Тэр бас Сингапурын төрийн өмчит Темасек хөрөнгө оруулалтын компанид хашдаг албан тушаалуудаасаа татгалзсан байна.

74 настай Лю компанийн удирдлагууд, ажилтнуудад түвэг чирэгдэл учруулахаас зайлсхийж, тэтгэвэртээ гарах хугацааг наашлуулснаа тайлбарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт Сингапурын дээд шүүх Люгийн гэрийн үйлчлэгч, Индонезийн иргэн эмэгтэйг цагаатгасан шийдвэр гаргасан юм. 2007-2016 онд гэрийн үйлчлэгчээр ажиллаж байхдаа 46 настай Парти Лиян $34,000-ын үнэ бүхий цаг, цүнх, хувцас зэрэг эд зүйлсийг Люгийн гэрээс хулгайлсан гэж буруутгагдаад байв.

Өнгөрсөн оны гуравдугаар сард Сингапурын шүүх түүнд дөрвөн төрлийн ял оноож, 26 сар шоронд хорих шийдвэр гаргасан юм.

Дараа нь Лиян дээд шүүхэд давж заалдсаны үр дүнд уг хэргийг сая хэрэгсэхгүй болгожээ.

Дээд шүүх Лю Мүн Лёны гэр бүлийнхэн үйлчлэгчээ санаатай хулгайн хэрэгт гүтгэсэн гэж дүгнэсэн юм.

Лиян нь Люгийн гэрт ажиллахаас гадна нэмэлтээр Люгийн хүүгийн гэр, ажлын байрыг цэвэрлэх ажил хийдэг байжээ. Тэрбээр энэ нэмэлт ажилдаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан гэнэ. Түүнийг энэ талаар Сингапурын Хөдөлмөрийн Яаманд гомдол гаргаж болзошгүй гэж сэжиглэсэн Люгийнхэн хэл аманд орооцолдохгүйн тулд түрүүлээд Лияныг хулгайн хэрэгт буруутгажээ.

Дээд шүүхийн шийдвэрийг зарласны дараа нисэх буудлын захирлыг огцрохыг шаардсан хөдөлгөөн Сингапурын сошиал орчинд өрнөсөн юм. Сингапурчууд нийгмийн элит давхаргынханд хууль үйлчлэхгүй байх явдал нэмэгдэж, гадаадын цагаач ажилчдын эрх ашиг зөрчигдөхөөс болгоомжилж байгаагаа илэрхийлцгээж байв.

Парти Лиян өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Сингапураас гарах эрхгүй, ажил хийх эрхгүй, цагаач ажилчдын байранд толгой хоргодож байсан юм. 

Иргэд дээд шүүхийн шийдвэрээр цагаатгагдсан Лияний шинэ амьдралд нэмэр болох зорилгоор 28,000 орчим сингапур долларын хандив цуглуулж өгсөн байна.

 

Эх сурвалж: Bloomberg, Straits Times