Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампын охин Иванка коронавирусийн эсрэг вакциныг шууд нэвтрүүлгийн үеэр хийлгэх санал тавьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Америкийн телевизийн “The View” ток шоуны хөтлөгч Жой Бихар АНУ-ын ерөнхийлөгчийг дахин сонгогдохын тулд коронавирусийн эсрэг вакциныг яаравчлан гаргах гэж байна гэж шүүмжилсэн юм.

“Тэр дахин сонгогдохын тулд юу ч хийхээс буцахгүй байна. Би лав Иванкагийн дараа вакцин хийлгэнэ” гэж тэр шууд нэвтрүүлгийн үеэр ярьжээ.

Энэ нэвтрүүлгийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган охин Иванка твиттер хуудсаараа Жой Бихарт хариу санал тавьсан байна.

Тэрбээр Бихарын шоунд оролцож, үзэгчдийн нүдэн дээр вакцин хийлгэх санал тавиад бүх Америкчуудад хандан эрүүл мэндийн байгууллагадаа итгэхийг уриалжээ.

Дональд Трамп энэ долоо хоногт сэтгүүлчидтэй уулзахдаа коронавирусийн эсрэг вакцин аравдугаар сард багтаж бэлэн болно хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр шинэ вакциныг аюулгүй, үр дүнтэй гэдгийг баталж байжээ.

Өнгөрсөн долдугаар сард Fox News сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо Трамп вакциныг өөртөө хамгийн түрүүнд, эсвэл хамгийн сүүлд ч хийлгэж магадгүйгээ ярьж байв.

“Хэрвээ би түрүүлж хийлгэвэл зарим хүмүүс амиа бодлоо гэх байх. Зарим нь зоригтой үйлдэл гэж хэлэх байх. Тиймээс хүмүүсийн таалалд нийцүүлэхийн тулд би хамгийн эхэнд ч хийлгэж магадгүй, хамгийн сүүлд ч хийлгэж магадгүй” гэж Трамп ярьсан байна.

 

Эх сурвалж: Russia Today