Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Будзаан: Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд бүх насаар нь хорих ял оноодог

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эсрэг нуугдмал гэмт хэргийн зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Сүүдэр бүү тусга" аяныг хэрэгжүүлж байна. Уг аянгыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, Дэлхийн зөн олон улсын байгууллга, JCI олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм.

Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Сүүдэр бүү тусга" аяныг хэрэгжүүлж байна

Нээлтийн эхэнд "Хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж байна. Хүүхэд хамгаалах үйлчилгээнд шаардлагатай төсөв хөрөнгө, бүтэц үйлчилгээг 3 дахин нэмсэн. Нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь "Сүүдэр бүү тусга" арга хэмжээ юм.

Хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн хөгжлийн үндсэн нэгж болсон гэр бүлийн амьдралд эцэг, эх, үр хүүхдээ дээдлэх, эвийг хичээх, эрдэм номыг шүтэх, Монгол гэр бүлийн өвөрмөц соёл улам бүр гээгдэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхдийг үл хайхрах, гэр бүл салах, хүүхэдтэй зүй  бус харилцахаас гадна эцэг, эхчүүд өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байгаагаас үүдэн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол нэмэгдсээр байна. Тодруулбал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил, хүүхдийг үл хайхарсны улмаас хөгжил, эрүүл мэнд, хүмүүжилд нь сөрөг нөлөө үзүүлэх хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна.

Хаалганы цаана хохирч байгаа хүүхэд, гэр бүлд хугацаа алдалгүй, шуурхай төрийн үйлчилгээг хүргэхээр бүхий л боломж бололцоог дайчилан ажиллаж байна.
Мөн нийгмийн сэтгэл зүйг эерэгжүүлэх, соён гэгээрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо маш чухал юм. Тиймээс хэвлэл мэдээллийн албаныхан та бүхэн нийгмийн хандлагыг эерэгжүүлж, зөв мэдээллээр олон нийтийг хангах, хүүхдийн дуу хоолойг олон нийтэд хүргэж, нийт бүртгэлтэй 897.8 мянган гэр бүл, манай улсын нийт хүн амын 36.8 хувийг эзэлж байгаа хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхийлэлгүй, сайхан нийгэмд амьдруулахын төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэж хэллээ.

 Ахуйн бэлгийн хүчирхийлэл үйлдэгч нарын дийлэнх нь ойр дотны хүмүүс

Нээлтийн дараагаар ЦЕГ-ын Хүүхэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан гэр бүлийн хүчирхийллийн талаарх судалгааг танилцуулсан юм. Тэрээр "Гэр бүлийн хөгжил төлөвшил, үүрэг хариуцлага, соён гэгээрүүлэх чиглэлээр урьдчилсан сэргийлэх арга хэмжээг сарын хугацаанд зохион байгуулна. Нөгөөтэйгүүр, Цагдаагийн байгууллагаас хүүхэд хохирсон нуугдмал, илрээгүй хэргийг мөрдөн шалгаж, илрүүлэх ажиллагааг эрчимжүүлнэ.

Мөн хөдөө орон нутагт хүүхдийн нуугдмал хүчирхийлэл түлхүү гардаг учир тэгдгээр гэмт хэрэг үйлдэгч нарыг урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээллийг хүргэнэ. Сүүлийн 3 жилийн хугацаанд ахуйн бэлгийн хүчирхийлэл үйлдэгч нарын дийлэнх нь ойр дотны хүмүүс нь байна гэсэн судалгаа гарсан.
2017 оны суурь судалгаанаас харахад хүүхдийн бие махбодын хүчирхийллийн 49.7 хувь нь гэр бүлийн орчин, сургуулийн орчинд үйлдэгдсэн байна.
Тиймээс хүүхэд рүү чиглэсэн мэдээ мэдээлэл, контентийг зөв зохистой мэдээллийг түгээх уриалгын дор уг арга хэмжээг зохион байгуулж байна.

Жилд дунджаар 6 мянга орчим буюу таван хүн тутмын нэг нь цагдаагийн байгууллагад ханддаг. Гудамж талбай, гэр бүлийн хүрээнд, бэлгийн хүчирхийлэлд өртөж хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа ба сүүлийн 3 жилийн байдлаар 3 мянга 378 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5 мянга 43 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон гэх харамсалтай судалгаа байна.

Түүнчлэн, сүүлийн 3 жилийн хугацаанд хүүхдийн бэлгийн хүчирхийлэл өссөөр байна. Энэ бол эрүүгийн хуулинд заасан хамгийн хүнд ял буюу бүх насаар нь хорих ялтай гэмт хэрэг юм" гэсэн мэдээллийг өгсөн юм.