Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэд нэмэгдэж, дийлэнх хувийг 15-34 насныхан эзэлж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний статистикийн хорооноос наймдугаар сарын ажил эрхлэлтийн талаарх тоон мэдээллийг танилцууллаа.

Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх сараас 1.3 хувиар өсжээ

Бүртгэлтэй ажилгүй иргэд: Монгол Улсын хуулиар зөвшөөрөгдсөн хөдөлмөрлөх насны, хөдөлмөр эрхлэх чадвартай, цалин хөлстэй ажил болон хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, тухайн үед ажиллахад бэлэн, цалин хөлстэй ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, хөдөлмөрийн хувийн биржид бүртгүүлсэн ажилгүй иргэдийг хамруулж ойлгоно.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 8 дугаар сард ажилгүй 4.9 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 939 иргэн
ажилд зуучлагдан орж, 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 8 дугаар сард нийт 2.0 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 362 иргэн ажилд зуучлагдан оржээ.

Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 0.8 (13.3%) мянган хүн, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.5 (29.2%) мянган хүнээр буурчээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 8 дугаар сарын эцэст 28.0 мянга, үүнээс 18.3 (65.4%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.7 (34.6%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.0 (14.2%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 243 (1.3%) хүнээр өсжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.7 (52.8%) мянга нь эмэгтэйчүүд байна.

 

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 313 (1.7%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 150 (47.9%) нь эмэгтэйчүүд.

Ажилгүй дөрвөн хүн тутмын нэг нь дипломын болон бакалаврын дээд боловсролтой

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 8 дугаар сард 4.9 мянган хүн шинээр бүртгүүлсний 2.8 (57.8%) мянга нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 96 (3.5%) хүнээр өсжээ.

Бүртгэлтэй ажилгүй хоёр хүн тутмын нэг нь бүрэн дунд, дөрвөн хүн тутмын нэг нь дипломын болон бакалаврын дээд боловсролтой.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Төв, Хөвсгөл, Дундговь, Сүхбаатар, Завхан, Хэнтий аймаг, Улаанбаатар хот, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул аймагт улсын дунджаас 0.5-8.9 пунктээр доогуур байна.

Ажил хайгч иргэн гэдэг нь ажилгүй эсхүл ажилтай боловч ажлын нөхцлөө сайжруулах, нэмэлт орлого олох зорилгоор ажил хайж байгаа иргэнийг ойлгоно.