Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн Пунжаб мужид тарсан цуурхал коронавирусийн оношилгоонд саад учруулах болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн хойд бүсийн Пунжаб мужид тарсан худал цуурхал коронавирусийн халдварыг оношлох ажилд саад учруулж байгааг албаныхан мэдээлжээ.

Коронавирусийн халдварыг оношлох, эмчлэх нэрээр хүмүүсийн амийг бүрэлгээд эд эрхтнийг нь хулгайлж, зарж байгаа гэсэн цуурхал сошиал сүлжээнд өргөн тарсан нь хүмүүс зугтаах шалтгаан болсон байна.

Өөрөөр хэлбэл коронавирусийн цар тахал нь эд эрхтний наймааны зорилгоор бий болсон зохиомол зүйл гэсэн онолд Пунжаб мужийн хөдөө тосгоныхон бат итгэх болжээ.

WhatsApp сүлжээгээр ийм цуурхлыг батлах хуурамч видео бичлэгүүд олноор тарсан байна. Цуурхалд итгэсэн иргэд оношлуулахаас татгалзаад зогсохгүй эмч мэргэжилтнүүд рүү халдан довтлох явдал гарах болжээ.

Пунжаб мужийн хэд хэдэн тосгоны иргэд оношлохоор ирсэн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг нэвтрүүлэхгүйн тулд чулуугаар нүүлгэж, буцаж явахыг шаардсан байна.

Мужийн захиргаа цуурхлыг няцаах, ухуулан сэнхрүүлэх ажлыг эхлүүлсэн ч ахиц муутай байгаа гэнэ. 28 сая орчим хүн амтай Пунжаб мужид сүүлийн байдлаар 65,583 халдварын тохиолдол бүртгэгдэж, 1,923 хүн нас барсан байна.

Сүүлийн өдрүүдэд халдварын улмаас нас барсан хүний тоо өсөх болсон нь цуурхалд итгэсэн хүмүүс оношлуулах, эмчлүүлэхээс зайлсхийх болсонтой холбоотой гэнэ.

 

Эх сурвалж: BBC