Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн Лукашенко бууж өгөх бодолгүй байгаагаа мэдэгдэв

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко сонгуулиас хойш анх удаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.

Түүнтэй Оросын сэтгүүлчид Минск хотноо уулзаж ярилцсан юм.

Лукашенко энэ үеэр тэмцэгчдийн шаардлагыг хүлээн авч, ерөнхийлөгчийн суудлаас буух бодолгүй байгаагаа мэдэгджээ.

“Би ард түмэнтэйгээ хамт бүтээсэн бүгдээ устгуулахыг хүсэхгүй байна” гэж хэлсэн Лукашенко өөрийгөө хэт удаан хугацаанд төрийн эрх барьж байгааг бас хүлээн зөвшөөрсөн юм.

26 жил Беларусийг удирдаж буй тэрбээр “Би ерөнхийлөгчийн суудалд арай удаан сууж байж болох юм. Гэхдээ би гудамжинд жагссан хүмүүст бууж өгөх бодолгүй байна” гэж ярьжээ.

Хэрвээ сайн дураар ерөнхийлөгчийн суудлаасаа буувал сөрөг хүчнийхэн гадаадынхантай нийлж Беларусийг сөнөөх ба энэ нь Орос улсад ч халдварлана гэж Лукашенко анхааруулсан байна.

“Энэ бүх үймээн самуун глобалчлагдаад байна. Аугаа Орос улс үүнийг зохицуулж чадна гэж бодож байвал энэ буруу. Би өөрийн том ах Владимир Путинд анхааруулж байгаа. Нэгэнт газар авбал зогсоож чадахгүй шүү” гэж тэр хэлсэн юм.

Лукашенко ойрын өдрүүдэд Москвад зочилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах гэж байгаагаа энэ үеэр мэдэгджээ. Беларусь дахь нөхцөл байдал хяналтаас гарвал цагдаагийн тусгай хүчийг илгээхээр бэлдээд байгаагаа Путин өмнө нь мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian