Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөр хүлээлттэй байгаа Оксфордын вакцины туршилт оролцогч нь өвдсөний улмаас түр зогсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

AstraZeneca компани болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар шатны туршилт нэг оролцогч нь өвдсөн шалтгаанаар түр завсарлажээ.

Туршилтад оролцогчийн биед тодорхойгүй шалтгаанаар сөрөг нөлөө илэрвэл ажиллагааг зогсоох нь журамд заасан хэвийн үзэгдэл гэж AstraZeneca компани тайлбарласан байна.

Тус компанийн вакцины туршилтын үйл явцыг дэлхий даяараа чих тавин хүлээж байгаа юм.

AstraZeneca болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээж буй Covid-19 вакциныг бусад ижил зорилготой төслүүдийн дотроос хүчтэй өрсөлдөгч гэж үздэг.

Шинэ вакцины хүн дээр хийх нэг ба хоёрдугаар шатны туршилтууд амжилттай болсон юм. Одоо үргэлжилж буй гуравдугаар шатны туршилтад АНУ, Их Британи, Бразил, Өмнөд Африкийн нийт 30,000 орчим хүнийг оролцуулж байгаа.

Хараат бус мэргэжилтнүүдийн баг үүссэн нөхцөл байдлыг шинжилж дүгнэсний дараа туршилтыг үргэлжлүүлэх эсэхийг Британийн эрх баригчид шийдэх гэнэ.

Өнөөдөр дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцин бүтээх 180 орчим төсөл хэрэгжиж байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээлжээ.

Тэдгээрээс Орос, Хятад улсууд туршилтын вакцинаа хязгаарлагдмал хүрээнд хэрэглэж эхлээд байгаа бол бусад нь туршилтын шатаа дуусгаагүй байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп иргэдээ вакцинжуулах ажлыг арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох сонгуулиас өмнө эхлүүлэхээ амлаад байгаа. Эндээс вакцины аюулгүй байдалд улс төрийн нөлөө орох вий гэсэн болгоомжлол үүсээд байна.

АНУ-ын Хүнс, Эмийн хэрэг эрхлэх газар (FDA) ч бас гуравдугаар шатны туршилтыг дуусахаас өмнө аль нэг вакцинд шуурхай горимоор зөвшөөрөл олгохоо мэдэгдээд байгаа.

Тэгвэл өчигдөр тус тусдаа Covid-19 вакцин бүтээж буй есөн компани туршилтыг журмын дагуу дуусгасныхаа дараа бүтээгдэхүүнээ зах зээлд гаргана гэсэн амлалтыг авч байгаагаа зарлаж, олон нийтийн дунд үүссэн түгшүүрийг намжаах арга хэмжээ авсан байна.

Уг амлалтад AstraZeneca компани бас нэгджээ.

 

Эх сурвалж: BBC