Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай ХАА” төсөл долоон аймагт хэрэгжиж эхэллээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Атрын IV” аяныг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний нэг нь үр ашигтай усжуулалтын системийг бий болгож, менежментийн тогтолцоог бүрдүүлэх ажил юм.

Энэ хүрээнд Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын нийт 46.2 сая ам.долларын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл хэрэгжиж эхэлжээ.

 

Уг төсөл нь Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг аймагт 2020-2026 онд хэрэгжих юм байна. Төслийн хүрээнд нийт 12 услалтын системийг шинэчлэн, сэргээн засч 7,000 гаруй га талбайд усалгаатайгаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамал тариалах юм байна. Мөн 3,500 гаруй өрхөд хүнсний ногооны тариалан эрхлэхэд нь арга зүйн туслалцаа үзүүлэхээр төлөвлөж байна.

 

“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн үр дүнд усалгаатай тариалангийн талбайн хэмжээ өнөөгийн түвшингээс 12 хувиар нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон газар тариалан эрхлэх чадамжтай болж, таримлын ургац нэмэгдэн, үр ашигтай маркетинг хэрэгжүүлж, хүнсний ногоо тариалагчдын орлого нэмэгдэх боломж бүрдэх аж.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ