Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амины хэргээр хоригдож байсан Америк цэрэгт Филиппиний ерөнхийлөгч өршөөл үзүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

2014 онд хүний амь хөнөөсөн хэрэг үйлдээд хоригдож байсан АНУ-ын цэргийн алба хаагчид Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте өршөөл үзүүлэх зарлиг гаргажээ.

Америкийн тэнгисийн хүчний алба хаагч Жозеф Скотт Пембертон хоёр улсын хамтарсан байлдааны сургуулилалтад оролцохоор Филиппинд ирээд байхдаа уг хэргийг үйлдсэн юм.

Тэрбээр нутаг буцахынхаа өмнөх орой хэсэг нөхдийн хамт шөнийн амьдралаараа алдартай Олангапо хотод наргиж, Женифер Лауде нэртэй эмэгтэйн хамт зочид буудалд орж байжээ.

Маргааш нь эмэгтэйн цогцос буудлын өрөөнөөс олдож, Пембертоныг баривчилсан юм.

Эмэгтэйг хүйсээ солиулсан буюу трансжендэр хүн болохыг мэдсэнийхээ дараа хоолойг нь боосноо тэр хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ буудлын өрөөнөөс гарч явахад нь Женифер амьд байсныг мэдүүлж байжээ.

Пембертон энэ хэргийнхээ төлөө 10 жилийн хорих ял сонссон юм. АНУ-Филиппиний засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу түүнийг энгийн шоронд хориогүй бөгөөд Манила хот дахь Америкийн цэргийн баазад хоёр талаас томилсон харуулуудын хяналт дор хорьж байжээ.

Өнгөрсөн долоо хоногт Филиппиний шүүх Пембертоныг сайн хүмүүжсэн гэж үзээд хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гаргасан юм. Гэхдээ хохирогчийн тал уг шийдвэрийг эсэргүүцэж, шүүх дээр давж заалдаад байжээ.

Харин ерөнхийлөгчийн өршөөлийн зарлиг гарснаар давж заалдах ажиллагааг зогсоохоор болж байна.

Дутертегийн гаргасан шийдвэрийг хохирогчийн гэр бүлийнхэн, Филиппиний хүний эрхийн байгууллагууд, бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалагчид эсэргүүцэж байгаагаа илэрхийлцгээжээ. Сошиал ертөнцөд #JusticeForJenniferLaude хаштагтай хэлэлцүүлэг хамгийн их анхаарал татсан сэдэв болсон байна.

 

Филиппиний ерөнхийлөгч өршөөлийн зарлиг гаргасан нь АНУ-ын засаг захиргаатай ямар нэг тохиролцоо хийсний үр дүн гэж ажиглагчид дүгнэж байна. Пембертоны хэргийн дараа Филиппинд АНУ-ын цэргийн баазуудыг хаахыг шаардсан хөдөлгөөн өрнөж байжээ.

Хорьдугаар зууны эхэн хагаст АНУ-ын колони байсан Филиппин улс Номхон далайн бүсэд Пентагоны стратегийн чухал түшиц газар болдог бөгөөд хоёр улс батлан хамгаалах салбарт хамтарч ажиллах онцгой түншлэлийн гэрээтэй байдаг юм.

 

Эх сурвалж: BBC