Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Бүх зүйлийг чөлөөт зах зээл гэдэг байдлаар хаяж болохгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
00:00 00:00
У.Хүрэлсүх: Бүх зүйлийг чөлөөт зах зээл гэдэг байдлаар хаяж болохгүй
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын харьяа яамдын ажилтай танилцаж эхлээд байгаа билээ. Тэрбээр энэ ажлаа өчигдөр /2020.09.07/ Гадаад харилцааны яамнаас эхлүүлсэн юм. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны яаманд ажиллах үеэрээ Монгол Улсын өртэй холбоотой асуудлыг сөхсөн нь сошиалд багагүй шүүмжлэл дагуулав. 

Тэрбээр ГХЯ-ны удирдлага, ажилтнуудад хандан “Засгийн газрын өр 7.2 тэрбум ам.доллар, Монголбанкны өр 2 тэрбум ам.доллар, арилжааны банкууд 2.2 тэрбум ам.доллар, ААН, компаниудын зээл 18.2 тэрбум ам.доллар байна. Тэгэхээр Монгол Улсын гадаад өрийг ААН, компаниуд хийсэн байгаа биз. Үүнийг Гадаад харилцааны яам мэдэж байх ёстой.

Зарим нэг компани гадаадад өр тавиад Монгол Улсыг чинь дампууруулах гэж байна. Засгийн газар мэдэхгүй, Гадаад харилцааны яам нь мэдэхгүй. Хэн ямар өр тавьж, ямар харилцаа үүсгэж байгааг мэдэхгүй. Энийгээ зах зээл гээд хаячихсан. Чөлөөт зах зээл гээд байгаа. Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж би ойлгож байгаа. Миний баримталж байгаа бодлого. Яагаад гэвэл би Засгийн газрын тэргүүн. Хүссэн хүсээгүй энэ засгийг би удирдаж байгаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл гэж байна. Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл байхгүй болсон. Одоо бол дэлхий дээр ч байхгүй” хэмээсэн. 

Харин өнөөдөр Ерөнхий сайд эрчим хүчний салбарынхантай уулзах үеэрээ өчигдрийн хэлсэн үгэндээ тайлбар хийлээ. 

Тэрбээр “Дулаан, цахилгааны үнэ нэмэгдээгүй, гурилын үнэ нэмэгдээгүй байхад яагаад талх, нарийн боовны үнэ нэмэгдээд байна вэ. Үүнийг чөлөөт зах зээл гэх үү. Энд төрийн зохицуулалт байх ёсгүй юу. Бүх юмны үнэ нэмэгдээгүй байхад ядарсан, зүдэрсэн ард иргэдийн нуруун дээр ачаалал өгөөд байна. Энэ дээр анхаарах ёстой. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үүнийг шалгах хэрэгтэй. Энэ бол зохиомол үнийн хөөрөгдөлт. Би үүн дээр төрийн зохицуулалт хэрэгтэй гэж хэлээд байгаа юм.

Уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарт төрийн зохицуулалт зайлшгүй байх шаардлагатай. Энэ чинь стратегийн том том үйлдвэрүүд шүү дээ. Эрчим хүчийг төр зохицуулахгүйгээр яаж цаашаа явах вэ. Бүгдийг нь хувийнханд даатгаад орхиж болохгүй. 

Би эхлээд дотоодын хэрэгцээгээ хангая гэж байгаа. Гурил, төмс хүнсний ногоогоор дотоодын эрэлт хэрэгцээгээ хангая. Мах мөн адил. Дотоодын эрэлт хэрэгцээг хангасны дараа илүүдлээ экспортод гаргая. Үүнийг төр засаг зохицуулна. Миний яриад байгаа зохицуулалт энэ. Бүх зүйлийг чөлөөт зах зээл гэдэг байдлаар хаяж болохгүй гэж үзэж байна” гэв.