Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ-ын тэргүүн цар тахалтай хийх тэмцэлд Монгол Улсын гаргаж буй амжилтыг магтжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр Женев хотод болсон тус байгууллагын ээлжит хэвлэлийн хурлыг нээж үг хэлэхдээ коронавирусийн цар тахалтай хийх тэмцэлд Монгол Улсын гаргаж буй амжилтыг магтжээ.

Тэрбээр Монголоос гадна Маврики, Уругвай, Итали зэрэг улсуудыг нэр зааж магтсан байна.

“Монгол улсын хувьд бүр нэгдүгээр сард Улсын Онцгой Комиссыг байгуулж, маш эрт арга хэмжээ авч эхэлсэн. Хэдийгээр Хятад улстай хил залгадаг ч ингэсний үр дүнд тус улсад халдварын анхны тохиолдол гуравдугаар сарыг хүртэл илрээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл хүний амь гарздаагүй байна” гэж доктор Гебрейесус онцолжээ.

Улс орнуудын цар тахалтай хийж буй тэмцлийг сайшаасныхаа дараа тэр халдварт өвчний гамшиг цаашид дуусахгүй, үргэлжлэхийг анхааруулсан байна.

“Энэ бол сүүлчийн цар тахал биш. Халдварт өвчин, тахал нь амьдралын нэг хэсэг байсаар ирснийг түүх бидэнд сануулж байна. Дараагийн тахал дэгдэх үед дэлхий нийтээрээ энэ удаагийн гамшгаас илүү өндөр бэлтгэлтэй байх ёстой” гэж тэр улс орнуудад анхааруулжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Covid-19 цар тахал бидэнд маш олон зүйлийг ойлгууллаа. Тухайлбал эрүүл мэнд бол мөнгөтэй нэгний авч чаддаг зүйл биш, энэ бол хүний эрх, хэрэгцээ болохыг харуулж байна. Нийтийн эрүүл мэнд бол нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлын суурь дэвсгэр юм” гэсэн байна.

Эцэст нь доктор Гебрейесус нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалжээ.

 

Эх сурвалж: WHO.int