Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс коронавирусийн халдварын тохиолдлоор Бразилыг гүйцэж, АНУ-ын дараа хоёрт жагслаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд Энэтхэг улсад коронавирусийн халдварын 90,802 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр тус улс нийт 4.2 сая тохиолдолтой болж, Бразилыг гүйцлээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийд 6.2 сая халдварын батлагдсан тохиолдолтой АНУ тэргүүлж, араас нь 4.2 саятай Энэтхэг, 4.13 саятай Бразил улсууд удаалж байна.

Сүүлийн нэг хоногийн дотор тус улсад 1,016 хүн Covid-19 өвчний хүндрэлээр нас барж, нийт эндэгдлийн тоог 71,642 болгожээ.

Энэ нь дэлхийд АНУ (188,951), Бразил (126,650) улсуудын дараа орох өндөр үзүүлэлт юм.

Сүүлийн бараг нэг сарын турш Энэтхэг улс нэг өдрийн дотор хамгийн олон халдварын тохиолдол бүртгэсэн дэлхийн дээд үзүүлэлтийг тогтоож байна.

Хэдийгээр вирусийн тархалтыг хөдөө орон нутагт хяналтаасаа алдсан ч Энэтхэгийн засгийн газар эдийн засгаа сэргээхийн тулд том хотуудад тогтоосон хорио цээрийн дэглэмээ алхам алхмаар сулруулж байгаа юм.

Өнөөдөр тус улсын нийслэл Дели хотын метроны систем таван сар зогссоны эцэст ажиллаж эхэлжээ. Делигийн метроны сүлжээ нь Энэтхэгтээ хамгийн том өндөр хурдны нийтийн тээврийн систем юм.

Гуравдугаар сард хаагдахаасаа өмнө уг сүлжээ өдөр бүр 2.6 сая зорчигч тээвэрлэдэг байжээ. Энэтхэг улс өнөөдөр дэлхийд коронавирусийн цар тахал хамгийн хурдтай тархаж байгаа улс болоод байна. Нөгөө талаар дэлхийн томоохон улс гүрнүүдийн дотроос эдийн засаг нь хамгийн хуртдай агшиж байгаа улс болжээ.

 

Эх сурвалж: Associated Press