Серби улс нь Балканы хойг дахь Оросын хамгийн ойр холбоотон юм. Гэхдээ тус улсын ерөнхийлөгч Александр Вучичийн Өрнөдтэй ойртох хандлага Москвагийн эрх баригчдыг бухимдуулдаг.
Өнгөрсөн долоо хоногт тэр 2008 онд Сербиэс салан тусгаарласан Косово улстай харилцаагаа сайжруулах гэрээг Цагаан ордонд байгуулсан нь Оростой харилцах харилцаанд нь хүндрэл үүсгээд байна.
Салан тусгаарласан Косово улсыг Орос, Серби хоёр хоёул хүлээн зөвшөөрдөггүй юм.
Энэ үйл явдлын дараа ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өөрийн фэйсбүүк хуудсанд Вучичийн Цагаан ордны ёслолд оролцож буй зургийг 1992 оны “Basic Instinct” кинонд Шэрон Стоуны бүтээсэн дүрийн задгай зурагтай харьцуулан нийтэлжээ.
“Хэрвээ та Цагаан ордонд уригдсан боловч байцаагдаж байгаа мэт суусан бол хоёр дахь зураг дээрх шиг байрлалаар суух хэрэгтэй. Надад итгээрэй. Хэн ч байсан ингэх ёстой” гэж Захарова бичсэн байна.
Үүний дараа Брюссель хотод очоод байхдаа Александр Вучич “Мария Захарова ихэнхдээ өөрийнхөө тухай л ярьдаг. Түүний хэрэглэсэн бүдүүлэг үг хэллэг нь үүнийг баталж байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сербийн батлан хамгаалахын сайд Александр Вулин “Өнөөдөр Захаровагийн гаргасан явуургүй үйлдэл Серби, Оросын дайснуудыг баярлуулах шиг боллоо” гэж мэдэгдсэн байна.
Ням гарагийн орой Мария Захарова бичсэн зүйл нь хүмүүст буруу ойлгогдсоныг тайлбарлаад уучлал гуйжээ.
Дараа нь ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Сербийн ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цэцэглэн хөгжиж байгааг батлан илэрхийлсэн байна.
Вашингтонд байхдаа Серби, Оросын хамтын ажиллагааг хамгаалж, Москвагийн эсрэг Өрнөдийн орнуудын тавьсан хоригийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлснээ Александр Вучич энэ үеэр хэлжээ.
Сербийн эрх баригч намын өндөр албан тушаалтан Марко Дюрич ерөнхийлөгчөө хамгаалж твиттер хуудсандаа мэдэгдэл гаргасан байна. “Манай ерөнхийлөгч Цагаан ордонд байхдаа Оросын эсрэг ганц ч муу үг хэлээгүй. Сербийн нэр хүндэд ингэж халдахыг би зөвшөөрөхгүй. Хийсэн зүйлээсээ ичих хэрэгтэй!” гэж тэр бичжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сард болох сонгуулийн өмнө гадаад бодлогодоо том амжилт гаргаж байгаагаа харуулахын тулд хэд хэдэн арга хэмжээг Цагаан ордонд зохион байгуулаад байна.
Баасан гарагт тэр дайсагнасан харилцаатай байсан Серби, Косовогийн хооронд зуучилж, эдийн засгийн харилцааг нь хэвийн болгох алхам хийснээ зарласан юм.
Трамп бас Серби улс Израйль дахь элчин сайдын яамаа Йерусалем хот руу шилжүүлэх болсныг энэ үеэр мэдэгджээ.
Саяхан тэр бас Израйль болон Арабын Нэгдсэн Эмират улсын хооронд дипломат харилцаа тогтооход зуучилснаа зарлаж байв.
Эх сурвалж: Reuters