Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Евтаназийн хүсэлтийг нь зөвшөөрөөгүй учраас Францын иргэн нас барах үйл явцаа шууд дамжуулахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Эдгэршгүй хүнд өвчнөөр шаналж буй Францын иргэн эрэгтэй саяхан сайн дураараа үхэх хүсэлтийг улсынхаа ерөнхийлөгчид хандаж гаргажээ.

Дэлхийн зарим улс оронд хүнд өвчтэй хүнийг өөрийнх нь хүсэлтээр үхүүлэх евтанази гэгддэг аргыг хуулиар зөвшөөрдөг юм. Харин Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсад ийм хууль байхгүй тул зөвшөөрөх боломжгүй гэсэн хариуг 57 настай Алан Кокт өгсөн байна.

Түүний хувьд артерийн судасны хананууд нь хоорондоо наалдсанаас удаан амьдрах боломжгүй болсон ажээ. Өөрийгөө долоо хоногийн дотор амьсгал хураана гэж тооцоолсон Кок ерөнхийлөгчөөс татгалзсан хариу авсныхаа дараа Бямба гарагаас эхлэн үхэх үйл явцаа Фэйсбүүк сүлжээгээр шууд дамжуулахаар болсон байна.

Тэрбээр энэ үйлдлээрээ амьд үлдэх найдваргүй болсон өвчтөнүүд яаж зовж шаналдгийг Францын нийгэмд харуулж, евтаназийн хууль гаргуулахад нөлөөлөх зорилготой гэнэ.

Алан Кок өөрийг нь амар тайван үхүүлэх тусгай бодисыг уух хүсэлт гаргаж байжээ. Хэрвээ ерөнхийлөгч зөвшөөрвөл эмч нар түүний хүсэлтийг биелүүлэхэд бэлэн байсан юм.

Гэвч Эммануэл Макрон “Надад хуулиас илүү эрх мэдэл байхгүй тул таны хүсэлтийг зөвшөөрч чадахгүй нь. Одоогийн хуулийн хүрээнээс гадуур зүйлийг би хэнээр ч хийлгэж чадахгүй. Бусдын тусламжтай амьдралаа дуусгах арга өнөөдөр манай улсад хориотой байдаг” гэсэн хариу өгчээ.

Ингээд Алан Кок энэ Баасан гарагийн оройноос эхлэн хоол хүнс, эмчилгээгээ бүгдийг нь зогсоож, нас барахдаа бэлдэхээр болсон байна.

Франц улсад амьд үлдэх найдваргүй болсон өвчтөний хувь заяаг хэрхэн шийдэх асуудал олон жилийн турш маргаантай сэдэв болж байгаа.

Хамгийн сүүлийн жишээ нь Винсент Ламбертын үхэл юм. 2008 онд автын ослын дараа комд орсон Ламбертын эмчилгээг өнгөрсөн оны долдугаар сард зогсоосны дараа амьсгал хураажээ.

Энэ асуудал 10 гаруй жил үргэлжилсэн маргааны сэдэв болж, гэр бүлийнхнийг нь төдийгүй Францын нийгмийг хуваагаад байв.

Эцэг эх нь Ламбертыг амьд байлгахынн төлөө олон жил шүүх дээр тэмцсэн бол эхнэр болон бусад ойрын хамаатнууд нь түүнийг амар тайван үхүүлж, зовлонгоос нь салгах ёстой гэж үзэж байв. Тэдний маргааныг шүүх эцэслэн шийдсэний дараа өнгөрсөн оны зун эм тариаг нь салгаж байжээ.

 

Эх сурвалж: AFP