Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Молдовын ерөнхийлөгч Москвад айлчлах үеэрээ коронавирусийн эсрэг вакцин хийлгэнэ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Ойрын хугацаанд ОХУ-ын нийслэл Москва хотод айлчлах үеэрээ коронавирусийн вакцин хийлгэх төлөвлөгөөтэй байгаагаа Молдовын ерөнхийлөгч Игорь Додон өчигдөр мэдэгджээ.

Мөн энэ айлчлалынхаа үеэр Молдов улсад “Sputnik V” вакцины эхний багцыг нийлүүлэх талаар Оросын талтай хэлэлцэх гэнэ.

“Би энэ айлчлалынхаа үеэр өөртөө вакцин хийлгэх бодолтой байна. Орост одоо бүх нийтийн вакцинжуулалт эхэлж, эрх баригчид нь хүртэл хамрагдаж байгаа” гэж Додон хэвлэлд ярьжээ.

АНУ-д бүтээсэн вакцины талаар ямар бодол төлөвлөгөөтэй байгааг нь сэтгүүлч асуухад тэр “Би Америкийн вакцинаас илүү Оросын вакцинд итгэж байна. Бид эрүүл мэндийн нэг системтэй байсан. Оросын анагаах ухаан шилдэг гэдгийг мэднэ” гэж хариулсан байна.

Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Молдов улсад коронавирусийн цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа. Сүүлийн байдлаар 3.5 сая хүн амтай тус улсад халдварын 38,372 тохиолдол бүртгэгдсэн нь хүн амын 1 хувь орчим болж байна.

Молдов улс Оросоос вакцин авч чадвал эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, эмзэг бүлгийн иргэдийг үнэ төлбөргүй хамруулах бодолтой байгаагаа Додон ярьжээ.

 

Эх сурвалж: ТАСС