Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Starlink-ийн хиймэл дагуулын интернэт 100 Mbps хурдаар ажиллаж байгааг мэдээлжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Тэрбумтан Илон Маскын SpaceX компани нам өндрийн тойрог замд 12,000 ширхэг хиймэл дагуулаас бүрдсэн сүлжээ байгуулж, дэлхийн өнцөг булан бүрт өндөр хурдны интернэт үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байгаа.

Starlink хэмээн нэрлэж буй энэ төслийн хүрээнд өчигдөр ээлжит хиймэл дагуулуудын багцыг сансарт хөөргөж, тойрог замд нийт 700 гаруй хиймэл дагуултай болсон байна.

Энэ үеэр SpaceX компани интернэт холболтын эхний туршилтын үр дүнг нийтэд зарлажээ. Тус компанийн мэдэгдэлд өгүүлснээр одоо үүсгээд байгаа сүлжээ нь 100 Mbps хурдтай үйлчилгээ үзүүлж чадаж байгаа гэнэ.

Энэ нь хамгийн хурдтай онлайн тоглоомыг тоглох, хэд хэдэн HD киног зэрэг үзэхэд хангалттай өндөр хурд болохыг мэдэгдсэн байна.

Үүнээс гадна энэ зун SpaceX компани хиймэл дагуулуудыг хооронд нь “сансрын лазер”-ын технологиор холбож туршсан нь амжилттай болсныг мэдээлсэн юм.

Анх Starlink төсөл эхэлж байхдаа гигабитээр хэмжигдэх хурдтай үйлчилгээ үзүүлнэ гэж амлаж байв. Тойрог зам дахь хиймэл дагуулуудын тоо 4,400-аас дээш гарсан тохиолдолд ийм хэмжээний хурд үзүүлж чадна гэж компанийн зүгээс тайлбарласан байна.

Газарт байгаа хэрэглэгч холбогдохдоо бага оврын тавган антенн ашиглах юм. Уг антенныг Илон Маск “савааны үзүүрт бэхэлсэн UFO” шиг зүйл хэмээн дүрслэн ярьж байв.

Үүний дараа туршилтад оролцож буй SpaceX-ийн ажилтнууд антенны зургийг нийтэд үзүүлж байжээ.

Эх сурвалж: The Verge