Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Бейрутын нурсан байшингийн балгасан дор амьд амьтан байгаа шинж илэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Наймдугаар сарын 4-ний өдөр Ливаны нийслэл Бейрут хотын боомтод хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 190 орчим хүн амь үрэгдэж, 6,000 хүн бэртсэн билээ.

Байшин барилгуудын нурангин дороос сураггүй болсон хүмүүсийн цогцсыг эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Тэгвэл Пүрэв гарагт аврагчид гамшигт хамгийн их нэрвэгдсэн хэсгийн нурангин дор амьд амьтан байгаа шинж тэмдэг илрүүлжээ.

“Зүрхний цохилт, амьсгал, биеийн дулаан, хөдөлгөөн мэдрэгдсэн нь энд амьд амьтан байгаа гэсэн найдвар төрүүлж байна” гэж аврагчдын нэг Эдди Битар сэтгүүлчдэд ярьсан байна.

Хэдэн цагийн турш нурангийг ухсан ч барилгын хэсгүүд нурах аюул тулгарсан тул эрлийн ажиллагааг түр зогсоожээ.

Нурангийн хүнд хэсгүүдийг машин механизмаар зайлуулах шаардлагатай гэж үзээд ажиллагааг Баасан гарагийн өглөө үргэлжлүүлэхээр болсон байна.

“Аврах багийнханд маш аюултай байна. Манай 10 хүн тэнд ажиллаж байгаа. Нэг ч хүний амийг эрсдэлд оруулж бид чадахгүй” гэж ажиллагааг удирдаж байгаа Мишел Эль Мур ярьжээ.

Аврах ажиллагаанд Чили улсаас ирсэн сайн дурынхан, Ливаны сайн дурынхан болон иргэний хамгаалалтын албаныхан хамтран ажиллаж байгаа гэнэ.

Амьд амьтны шинж илэрсэн сургаар Бейрут хотын иргэд нурангийн ойролцоо цугларч, аврах ажиллагаа удааширсанд уур бухимдлаа илэрхийлцгээжээ.

Ажиллагаа явуулж буй газрыг Ливаны армийн алба хаагчид хамгаалж байна. Нурсан барилгын суурийн давхарт баар ажилладаг байсныг иргэд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters