Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Цэрэнбадрал: Шинэ технологи хувьцаа эзэмшигчийн идэвх, оролцоог нэмэгдүүлнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хувьцаат компаниудын засаглал, тайлагналын ил тод байдал болон засаглалыг сайжруулах хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн ажиллаж байгаа талаар Хорооны дэд дарга Т.Цэрэнбадралтай ярилцлаа.

-Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын засаглал, тайлагналын ил тод байдал ямар байгаа талаар ярилцлагаа эхлэх үү?

-Хувьцаат компаниуд үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй явуулж, гүйцэтгэлээ үнэн зөв тайлагнах нь зах зээлд урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах, бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэх гол нөхцөл болдог. Компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан зэрэг мэдээллээ хагас жил тутам Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хүргэх үүрэгтэй.

2020 оны II улирлын байдлаар Хөрөнгийн биржид бүртгэлтэй 199 хувьцаат компаниас 156 нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлан хуралдуулсан. Хороо болон Хөрөнгийн биржид эдгээрээс хурлын материал, санхүүгийн тайлангаа ирүүлсэн компани 146. Үүнээс биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт 100 хувь.

Харин хоёрдугаар ангиллын 42 хувьцаат компанийн хэрэгжилт 95 хувь, гуравдугаар ангиллын 139 хувьцаат компанийн хэрэгжилт 64 хувьтай байна. Биржийн бүртгэлийн ангилал дээшлэх тусам компанийн засаглал, ил тод байдлын үзүүлэлт сайжирсан. Харин гуравдугаар ангиллын хувьцаат компаниудад Хороо болон Хөрөнгийн биржийн зүгээс мэдээллийн ил тод байдлыг хангуулах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд арга хэмжээ авах шаардлагатай. Энэ дагуу хоёр байгууллагаас хамтарсан ажлын хэсэг байгуулж ойрын хугацаанд тодорхой ажлууд хийхээр бэлтгэж байна. 

Төрийн өмчит хувьцаат компаниудын засаглалын үнэлгээг “Компанийн засаглалын хөгжлийн төв”-өөс өнгөрсөн онд хийсэн. Энэ үеэр компаниудын нэгдсэн үнэлгээ 54 хувьтай буюу сул дүнтэй гарсан. Ялангуяа, мэдээллийн ил тод байдлаар хамгийн бага оноо үзүүлсэн. Компаниуд санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллээ олон нийтэд нээлттэй хүргэх хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлдэггүй гэсэн үг. 2020 оны II улирлын байдлаар Хөрөнгийн биржид төрийн өмчит 18, төрийн өмчийн оролцоотой 10 нийт 28 хувьцаат компани бүртгэлтэйгээс 23 нь Хороо болон Хөрөнгийн биржид хувьцаа эзэмшигчдийн хурлын материал, санхүүгийн тайлангаа ирүүлсэн. Иймээс төрийн өмчит компаниудын компанийн засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй. 

-Манай улс өөрийн гэсэн “Компанийн засаглалын кодекс”-той. Өнөөдөр түүний хэрэгжилт хэр байна. Хорооноос хэрэгжилтийг засч, сайжруулах хүрээнд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Санхүүгийн зохицуулах хороо "Монголын компанийн засаглалын кодекс"-ыг 2007 онд боловсруулан баталж, хувьцаат компани, үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудад мөрдлөг болгон ажиллахыг зөвлөсөн нь төрийн байгууллагын зүгээс компанийн засаглалын талаархи мэдлэг, мэдээллийг түгээх, уг зарчмуудыг хэрэгжүүлэх суурь болж чадсан. 2014 онд Хороо шинэчлээд дахин баталсан.

Хэдийгээр манай улсад компанийн бүтэц, зохион байгуулалтад тулгуурласан бизнесийн үйл ажиллагаа нэвтэрсэн ч хуримтлуулсан туршлага, оролцогч талуудын чадавхи харилцан адилгүй. Эрх зүйн болон компанийн өөрийн зохицуулалт хангалтгүйгээс компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үүрэг, хариуцлага сул, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болон бусад оролцогч талуудын эрх ашиг хохирох нь цөөнгүй. 
Иймээс компанийн засаглалын зарчмуудад тулгуурлан хувьцаат компани,  санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон нэмэлт шаардлага, шалгуур бүхий эрх зүйн болон зохицуулалтын орчинг бүрдүүлэх шаардлага үүссэн. Ялангуяа бизнес эрхлэгч хувь хүнийг бизнесийн шударга, ёс зүйтэй, тухайн хуулийн этгээд компанийн кодексыг үйл ажиллагаандаа баримталж хэвшүүлэх ажлыг сайжруулах ёстой. 

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Жи20 /G20/-ийн орнуудтай хамтарч компанийн засаглалын жишиг зарчмуудыг 2015 онд шинэчилсэн. Үүнтэй холбогдуулан өөрийн орны онцлогт тохирсон, дан ганц нээлттэй хувьцаат компаниуд төдийгүй санхүүгийн зах зээлд оролцогч байгууллагууд хэрэгжүүлж болохуйц байдлаар “Компанийн засаглалын кодекс”-оо шинэчлэн сайжруулах шаардлагатай. Хороо ч үүний дагуу “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т санхүүгийн салбарт сайн засаглалыг хөгжүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох  тодорхой зорилтуудыг тусган, хэрэгжүүлж байна.

Мөн Хорооны Ажлын албаны бүтцэд компанийн засаглалыг дагнан хариуцсан нэгж буюу “Компанийн засаглал, комплайнсын хэлтэс”-ийг шинээр байгуулсан. Цаашид компанийн засаглал, комплайнсын чиглэлээр зохицуулалтын орчинг боловсронгуй болгох, олон нийт, зах зээлд оролцогчдод мэдээ, мэдээллийг тогтмол хүргэх, зөвлөгөө өгөх, зорилтот бүлгүүдэд тохирсон сургалт зохион байгуулах, гарын авлага боловсруулах ажлыг явуулна. Тэр дундаа компанийн засаглалыг сайжруулахад техник, технологийн шийдлийг ашиглах эрх зүйн зохицуулалтыг бий болгоход анхаарч ажиллана. 

-Компанийн засаглалыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглах боломж хэр байна. Ер нь бусад оронд ямар жишиг байдаг бол?

-Сүүлийн жилүүдэд хувьцаа эзэмшигч олонтой томоохон хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулах зардлаа хэмнэх, санал хураах үйл ажиллагааг хялбаршуулах, саналын эрхийг баталгаажуулах зорилгоор мэдээллийн технологийн шийдлийг идэвхитэй ашиглаж эхэлсэн. Тухайлбал, цахим санал хураалт. Энэ шийдэл нь компанийн аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрх ашгаа хамгаалах боломжийг дээшлүүлэх ач холбогдолтой. Том, жижиг ялгаагүй бүх хувьцаа эзэмшигч орон зайнаас үл хамаарч онлайн орчинд компьютер, гар утсаа ашиглан хувьцаа эзэмшигчдийн хуралдаа оролцож, саналаа цахимаар өгөх боломжтой гэсэн үг. Ингэснээр хувьцаа эзэмшигчид, компани ч цаг хугацаа, зардлаа давхар хэмнэнэ.

Хувьцаа эзэмшигчдийн анхны цахим хурлыг АНУ-д 2001 онд мэдээлэл технологийн “Inforte Corporation” зохион байгуулсан. Харин 2009 оноос “Intel” компани түүчээлснээр бусад компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахим хэлбэрээр хийх хандлага огцом нэмэгдсэн. Хөрөнгө оруулагчдад мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч “Broadridge Financial Solutions” компанийн мэдээлснээр АНУ-д энэ онд 1,000 гаруй компани хувьцаа эзэмшигчдийн цахим хурал хийсэн байна. Ер нь цахим хурлыг англосаксоны системийн орнууд болох АНУ, Их Британи, Канад, Шинэ Зеландад түгээмэл ашигладаг.

-Тэгвэл манай хувьцаат компаниуд хурлаа цахим орчинд хэр зохион байгуулж байна вэ?

-Хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 199 хувьцаат компани бий. Өнгөрсөн жилүүдэд эдгээр компани хувьцаа эзэмшигчдийг хуралдаа биечлэн оролцуулах эсвэл саналын хуудсаар санал авах замаар ээлжит болон ээлжит бус хурлаа зохион байгуулж оролцоог нь хангаж ирсэн. Харин “COVID-19” цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Засгийн газраас олон нийтийг хамарсан бүхий л арга хэмжээг зогсоосон.

Хорооноос ч цахим хэрэгсэл буюу онлайн орчинд зайны технологийг ашиглан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн эрх, оролцоог хангуулж зохион байгуулахыг чиглэл болгосноор нэр бүхий 29 компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахим хэлбэрээр анх удаа зохион байгуулсан. Ер нь Хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт хувьцаат компанийн 15 орчим хувь нь энэ онд хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахим хэлбэрээр зохион байгуулсан нь компанийн засаглал талаасаа амжилт гэж хэлж болно.  

-Хувьцаа эзэмшигчдийн хурал, санал хураалтыг цахим орчинд явуулдаг болох чиглэлд Хорооноос цаашид ямар бодлого баримталж ажиллах бол?

- Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож компанийн үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл авах, гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгөх, хяналт тавих, хурлын шийдвэр гаргалтад оролцох, хувьцаа эзэмшигчдийн оролцоог нэмэгдүүлэхэд цахим санал хураалтын технологийг нэвтрүүлэх нь зайлшгүй шаардлагатай. Учир нь, Нээлттэй нийгэм форумаас Хөрөнгийн биржид бүртгэлтэй “ТОП-20” индексэд багтдаг 20 хувьцаат компанийн 2018, 2019 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулалтад үнэлгээ хийхэд компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоо бага.

Ялангуяа гадаадад болон алслагдмал нутагт оршин суугаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцож эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Иймээс Хороо жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулах зорилгоор хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар зохион байгуулах аргачлал бүхий зохицуулалтын журмыг боловсруулж байна.

Цахим хурлын үеэр хувьцаа эзэмшигч хурлын үйл явцтай шууд танилцах, хэлэлцэж буй асуудлаар санал гаргах, хэлэлцүүлэгт оролцох, саналаа цахимаар өгөх, саналыг баталгаажуулах, нууцлалыг хангах зэрэг асуудлыг дээрх журамд нарийвчлан тусгаж оруулахаар бид ажиллаж байна.