Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин Дуэйн Жонсон болон түүний гэр бүлийнхэн бүгдээрээ коронавирусийн халдвар аваад эдгэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өөрөө болон гэр бүлийн гишүүд нь бүгд коронавирусийн халдвар аваад эдгэрсэн тухай Холливүүдийн жүжигчин Дуэйн Жонсон өчигдөр сошиал хуудсандаа анх удаа мэдээлжээ.

Найз нараас нь вирус халдварласны дараа түүний гэргий болон бага насны хоёр охин нь бас өвдсөн байна.

Холливүүдийн төдийгүй дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчин гэгддэг Жонсон амны хаалт тогтмол зүүх, цар тахлыг улс төржүүлэхгүй байхыг Инстаграм хуудасныхаа 196 сая дагагчид хандан уриалжээ.

“Манай гэр бүлийн хувьд энэ бол хамгийн хүнд хэцүү цаг үе байлаа. Эхлээд би зөвхөн өөрийгөө халдвар авсан байгаасай гэж бодож байсан. Гэтэл гэр бүлийнхэн маань бүгд өвдсөн нь миний хувьд элэгдүүлсэн мэт хүчтэй цохилт байлаа” гэж Жонсон бичсэн байна.

Хоёр охин нь хөнгөн хэлбэрээр өвдсөн бол Жонсон, түүний гэргий хоёр нэлээд хүндээр өвдсөн гэнэ.

Коронавирусийн цар тахал Холливүүдийн бизнест хүндээр тусаж байгаа. Киноны нээлтүүд, ёслолын арга хэмжээнүүд нь бүгд онлайн горимд шилжиж, дөнгөж саяхнаас кино зураг авалтын ажлуудыг өндөр хараа хяналтын дор эхлүүлсэн байна.

Калифорни муж эхэн үедээ коронавирустэй сайн тэмцсэн гэж магтуулж байсан ч энэ зун эхэлсэн хоёр дахь давалгааны үеэр АНУ-ын мужуудыг халдварын тохиолдлоор тэргүүлж байв.

Том Хэнкс, Антонио Бандерас, Идрис Эльба зэрэг олон одууд коронавирусийн халдвар авсан нь батлагдсан юм.

“Халдвар авсны дараа хүн бүрт эрүүлжиж, эдгэрэх боломж олддоггүйг сайн мэдэхийн хувьд биднийг бурхан ивээлээ гэж би бодож байна. Зарим хүмүүс амны хаалт зүүхийг улс төрийн үзэл суртлын нэг хэсэг болгож байгаа нь харамсалтай. Үүнд улс төр ямар ч хамаагүй. Амны хаалтаа зүү! Энэ бол хамгийн зөв хамгаалах арга” гэж Дуэйн Жонсон бичжээ.

 

Эх сурвалж: AFP