Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

7 тэрбум жилийн өмнө үүссэн хар нүхний долгионыг эрдэмтэд бүртгэж чаджээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Одоогоос 7 тэрбум жилийн өмнө үүссэн хар нүхний долгионыг бүртгэж чадсанаа АНУ, Италийн эрдэмтэд өчигдөр “Physical Review Letters” шинжлэх ухааны сэтгүүлд мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл сансрын уудамд болсон энэ үйл явдлаас үүссэн татах хүчний долгион 7 тэрбум жилийн дараа манай дэлхийд хүрсэн юм байна.

Долгионыг 2019 оны тавдугаар сарын 21-ний өдөр АНУ болон Итали дахь гурван ажиглалтын станц хэмжиж чаджээ.

Хоёр хар нүх нэгдэж манай нарнаас 142 дахин их масстай нэг хар нүх үүсгэхдээ ийм долгионыг цацруулсан байна. Шинээр үүссэн хар нүх нь дундаж хэмжээтэйд (intermediate) тооцогдож байна. Нарнаас 100-1,000 дахин их масстай хар нүхийг энэ ангилалд оруулдаг.

Дангаараа нэг од унтрахад үүсдэг хар нүхийг “stellar black hole” буюу бага хэмжээтэйд тооцдог байна. Харин нарнаас хэдэн сая, тэрбум дахин их масстай хар нүхийг “supermassive black hole” гэж нэрлэдэг.

Үүссэн хар нүх нь хүн төрөлхтний өнөөдрийг хүртэл мэдэрч чадсан хамгийн том, хамгийн эртний, хамгийн алслагдсан хар нүх гэдгээрээ онцлог болжээ.

Мөн дундаж хэмжээтэй хар нүх бодитой байдгийг анх удаа баталсан явдал болсон байна.

Эрдэмтдийн хэрэглэсэн лазерын интерферометр төхөөрөмж нь сансрын уудамд болсон ямар нэг томоохон үзэгдлээс гаралтай орон зай, цаг хугацааны хэлбэлзлийг бүртгэж чаддаг юм.

Өнгөрсөн оны тавдугаар сарын 21-нд АНУ, Итали дахь ийм төхөөрөмжүүдэд секундын аравны нэгтэй тэнцэх хугацаанд үргэлжилсэн долгион бүртгэгджээ.

Долгионы мэдээллийг компьютерын тусгай алгоритмаар тооцоолж үзээд нарнаас 66 ба 85 дахин их масстай хоёр хар нүх хоорондоо нэгдсэнээс үүсэлтэйг баталсан байна.

Дэлхийгээс хар нүхнүүдийн нийлсэн цэг хүртэл зайг 150 тэрбум их наяд километр гэж тооцоолжээ.

Ийм алс зайг татах хүчний долгион 7 тэрбум жил туулсан юм байна. 7 тэрбум жилийн өмнө болсон энэ үзэгдлийг астрономичид GW190521 гэж нэрлэхээр тогтжээ.

Хэсэг эрдэмтэд 2015 онд анх удаа сансрын гүнээс ирсэн татах хүчний долгионыг бүртгэж чадсаныхаа төлөө Нобелийн шагнал хүртэж байв. Тэр цагаас хойш хар нүхтэй холбоотой судалгааны ажлууд эрчимжсэний нэг үр дүн өнөөдөр ийнхүү гарч байна.

 

Эх сурвалж: BBC