Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн түүхийн хамгийн том цөмийн дэлбэрэлтийн дүрс бичлэгийг ОХУ нууцаас ил гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын эрх баригчид манай дэлхийн түүхэнд тохиосон хамгийн том цөмийн дэлбэрэлтийн дүрс бичлэгийг нууц архиваас ил гаргажээ.

Энэ нь 1961 оны аравдугаар сарын 30-ны өдөр хойд мөсөн далайн алслагдсан арал дээр дэлбэлсэн РДС-220 нэртэй устөрөгчийн бөмбөг байв.

Уг зэвсгийг албан бусаар “Царь бомба” гэж нэрлэж байжээ.

Орос улсын цөмийн салбарын 75 жилийн ойд зориулан 40 минутын урттай дүрс бичлэгийг ийнхүү нийтэд ил болгосон байна. 50 мегатонн тротилийн (TNT) хүчтэй уг дэлбэрэлт нь Хирошима, Нагасаки хотуудад хаясан атомын бөмбөгнүүдийг нийлүүлснээс бараг 1,500 дахин хүчтэй гэсэн үг юм.

Дэлбэрэлтийн гэрэл бараг 1,000 км алсаас мэдрэгдэж байжээ.

Дүрс бичлэг бөмбөгийг төмөр замаар тээвэрлэн хүргэж байгаагаар эхэлж байна. Бөмбөгийг туршилт хийх газарт хүргэхээр хоёр онгоц нисжээ. Нэг нь бөмбөгийг тээвэрлэж байсан бол нөгөө нь үйл явдлын дүрс бичлэгийг хийх зорилготой байв.

Бөмбөгийг тээвэрлэгч нисэх онгоцны тэсэж үлдэх магадлал 50 хувьтай байсныг мэдээлжээ. Цацраг туяанаас үүссэн халуун агаарын урсгалыг ойлгохын тулд уг онгоцыг цагаан өнгөөр будсан байв.

Бөмбөгийг шүхрийн тусламжтайгаар газраас 4 км орчим өндөрт онгоцноос буулгажээ. Энэ нь онгоц аюулгүй зайнд холдоход шаардлагатай өндөр юм байна.

Бичлэгний 22 минут 44 секундэд бөмбөг дэлбэрч байгааг харуулжээ. Энд хурц гэрэл, асар том дэлбэрэлт, аварга мөөгөн үүл үүссэн нь харагдаж байгаа юм.

Дэлбэрэлтийг Зөвлөлтийн удирдагч Никита Хрушев биечлэн ажиглаж байжээ.

Хрушев эхлээд 100 мегатоннын бөмбөг туршиж, өрсөлдөгч АНУ-ыг хол хаях зорилготой байсан ч эрдэмтэд ямар аюултай сүйрэл дагуулахыг ойлгуулснаар хүчийг бууруулж байсан гэдэг.

Царь Бомбаг туршихаас өмнө АНУ 1954 онд 15 мегатоннын хүчтэй Castle Bravo устөрөгчийн бөмбөгийг туршиж, зэвсэглэлээр хөөцөлдөх уралдаанд Зөвлөлтийг ардаа орхиод байжээ.

Харьцуулбал дэлхийн хоёрдугаар дайны үед Хирошимад хаясан бөмбөг 15 килотонн, Нагасакид хаясан бөмбөг 21 килотоннын хүчтэй байсан юм.

Царь Бомбагийн дэлбэрэлтийн үеэр туршилтын газраас 50 км зайтай Северный цэргийн баазын байшин барилгууд сүйрсэн гэдэг. Доргилт нь 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт үүсгэж, олон зуун километрийн алсад байсан барилгуудын цонх хагарч, дээвэр нурж байжээ.

Дэлбэрэлтийн долгион Скандинавын хойг даяар мэдрэгдсэн тухай Норвегийн сонин мэдээлж байв. Гэхдээ Царь Бомба газарт хүрэлгүй агаарт дэлбэрсэн нь цохилтын хүчийг нэлээд бууруулсан гэдэг.

Өнөөдрийг хүртэл дэлхий дээр үүн шиг хүчтэй цөмийн дэлбэрэлт гараагүй юм.

 

Эх сурвалж: Business Insider