Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Бельгийн нэгэн хотын усан оргилуураас хотын захирагчийн бунхалсан зүрх олджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Бельгийн зүүн хэсэгт оршдог Верьве хотын усан оргилуурыг шинэчлэн засварлах явцад дотроос нь металл хайрцганд хийсэн хүний зүрх олджээ.

Хайрцган дотор байрлуулсан шилэн савтай спирт дотроос уг сонин олдвор илэрсэн байна. 

Зүрх нь 1839 онд нас барсан Верьве хотын захирагч Пьер Давидийнх болохыг хайрцагны гадна талд сийлэн бичжээ.

 

Олдворыг хотын дүрслэх урлагийн музейд байрлуулан олон нийтэд үзүүлж байгаа юм байна. Түүхэнд өгүүлснээр хотын захирагч Пьер Давид 1839 онд 68 насандаа таалал төгсөж байжээ.

Хотын захиргаа тухайн үед түүний хийж бүтээснийг нь үнэлж, дурсгалын усан оргилуур байгуулах шийдвэр гаргасан байна. Ингэхдээ гэр бүлийнхнээс нь зөвшөөрөл авсны үндсэн дээр Давидын шарилнаас зүрхийг салгаж, шинэ усан оргилуурын дотор талд бунхлахаар болжээ.

Гэвч усан оргилуур байгуулах хөрөнгө мөнгө бүрдэх хүртэл олон жил өнгөрч, 1883 онд л ашиглалтад оруулсан юм байна. 

Оргилуурын дээд хэсэгт Давидын цээж баримал байдаг бөгөөд түүний ойролцоо хэсэгт зүрхийг бунхалсан байжээ. Верьве хотын захиргаа урьд нь домог мэт яригддаг байсан зүйл үнэн болохыг илрүүлснээ зарласан байна.

 

Пьер Давид нь Бельги улс Францын нөлөөнөөс гарч, Нидерландаас салан тусгаарласан 1800-1830 оны ороо бусгаа цаг үед Верьве хотын захирагчаар хоёр удаа томилогдон ажиллаж байжээ.

Тэрбээр тусгаар тогнолын тэмцлийн дараа эвдэрч сүйрсэн хотыг сэргээн босгосноос гадна анх удаа гал сөнөөх албатай болгож байсан нь тухайн үедээ цоо шинэ санаачилга болж байсан гэнэ.

 

Эх сурвалж: BBC