Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн шинжилгээг шүлсний сорьцоор хийх нь илүү үр дүнтэйг баталжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн шинжилгээг шүлсний сорьцоор хийхэд үр дүн нь хамрын хөндийгөөс сорьц авч хийхээс илүү найдвартай болохыг судлаачид баталжээ.

Одоогоор Covid-19 өвчний халдварыг оношлохдоо хамрын хөндийн уг руу урт саваа шургуулж сорьц авдаг нь хүмүүст таагүй мэдрэмж төрүүлдэг. Зарим хүмүүс үүнээс айгаад оношлуулахаас зайлсхийдэг байна.

Нөгөө талаар коронавирусийн шинжилгээг заавал лабораторид өгөх шаардлагагүй болж байгаа нь том дэвшил юм. Мөн эмнэлгийн ажилтнуудын халдвар авах эрсдлийг бууруулж, ажлыг нь хөнгөвчлөх ач холбогдолтой.

Йелийн их сургуулийн эрдэмтэд АНУ-ын 70 эмнэлэгт оношлуулсан хүмүүсээс давхар шүлсний сорьц авч оношлоод уламжлалт аргаар авсан шинжилгээний үр дүнтэй харьцуулжээ.

Ингэхэд шүлсний сорьцоор хийсэн шинжилгээ илүү нарийн оношилж чадсан байна.  

Тухайлбал туршилтын эхний таван өдөр шинжилгээ өгсөн хүмүүсийн 81 хувь нь шүлсний сорьцоор халдвартай нь тогтоогдсон бол хамрын хөндийн сорьцоор 71 хувийг нь оношилж чаджээ.

Туршилтын 10 дахь өдөр хүртэл энэ харьцаа хэвээр хадгалагдсан байна.

Үүнээс гадна эмнэлгийн ажилтнуудаас халдварын шинж тэмдэг илрээгүй 495 хүнийг шүлсний сорьцоор шинжлэхэд 13 халдварын тохиолдол илэрчээ.

Эдгээр 13 өвчтөний есөөс нь хамрын хөндийн сорьц зэрэг авахад дөнгөж хоёр нь халдвартай гарсан байна.

Илэрсэн 13 тохиолдлын сорьцод нэмэлт шинжилгээ хийхэд халдвартай нь дахин батлагджээ. Үүнтэй ижил туршилтыг Канадын хэсэг судлаачид гүйцэтгээд шүлсээр оношлох нь илүү үр дүнтэйг баталсан байна.

Дээрх хоёр судалгааны тайлан Баасан гарагийн “Annals of Internal Medicine” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

АНУ-ын хүнс, эмийн хэрэг эрхлэх газар саяхан шүлсний сорьцын таван оношлуурыг хэрэглэх зөвшөөрөл олгосон нь уламжлалт оношлуурын түүхий эд тасалдсан тохиолдолд нэмэлтээр ашиглах зорилоготой ажээ.

 

Эх сурвалж: Tribunal News Service