Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Жо Байденыг “харанхуй сүүдэр”-ийн хүмүүс удирдаж байгаа тухай Дональд Трамп ярьжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Жо Байденыг “харанхуй сүүдэр”-ийн хүмүүс удирдаж байгаа тухай Дональд Трамп ярьжээ
Sara, ikon.mn - text to speech

Даваа гарагт Fox News сувгийн сэтгүүлчтэй Цагаан ордонд ярилцахдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өрсөлдөгчийг нь “харанхуй сүүдэр”-ийн хүмүүс удирддаг тухай онол дэвшүүлжээ.

Сэтгүүлч түүнээс “Жо Байдены бодлогыг хэн тодорхойлж байгаа вэ? Обамагийн хүмүүс үү?” гэж асуухад Трамп “Та нарын огт сонсож байгаагүй харанхуй сүүдрийн хүмүүс” гэж хариулсан байна.

Сэтгүүлч “Энэ юу гэсэн үг вэ? Ямар нэг хуйвалдааны онол шиг сонсогдож байна. Харанхуй сүүдэр. Юуг хэлээд байна вэ?” гэж гайхан лавлажээ.

Ингэхэд Трамп “Хүмүүсийн нэг хэсэг нь гудамжинд ил явж байдаг бол тэднийг далдаас хянаж байдаг хүмүүс гэж бий. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нэг хотоос ирсэн онгоцонд битүү хар хувцастай дээрэмчид бараг дүүрэн ирсэн гэсэн мэдээлэл байна. Би энэ талаар чамд дараа ярья. Одоохондоо үүнийг бид шалгаж байгаа” гэж ярьсан байна.

Өнгөрсөн долоо хоногт нийслэл Вашингтонд болсон Бүгд Найрамдах Намын үндэсний чуулганд ирсэн хүн үүнийг гэрчилсэн тухай Трамп нэмж тайлбарлажээ. Тэдгээр хар хувцастнууд Бүгд Найрамдахчуудын чуулганыг хорлох зорилготой ирснийг нь тэр бас хэлсэн юм.  

Дональд Трамп өмнө нь экс ерөнхийлөгч Барак Обамагийн тухай, Америкийн хотуудад дэгдсэн үймээн самууны учир шалтгааны талаар янз бүрийн “хуйвалдааны онол” дэвшүүлж байсан удаатай.

Гэхдээ түүний энэ хобби өчигдөр шинэ түвшинд гарсныг хэвлэлүүд бичжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болоход хоёр сарын хугацаа үлдээд байна.

 

Эх сурвалж: The Guardian