Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Балтийн тэнгисийн гурван улс Лукашенкогийн эсрэг визний хориг тавилаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Балтийн тэнгисийн эргийн гурван улс болох Литва, Латви, Эстони хүний эрх зөрчсөн шалтгаанаар хөрш Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкод визний хориг тавьжээ.

Лукашенкогоос гадна тус улсын 29 өндөр албан тушаалтныг хоригт багтаасан байна.

“Зөвхөн мэдэгдэл гаргаад зогсохгүй, бодитой алхам хийх ёстойг сануулахын тулд бид ийм арга хэмжээ авлаа” гэж Литвийн гадаад хэргийн сайд Линас Линкевичиус сэтгүүлчдэд тайлбарлажээ.

Беларусийн гадаад хэргийн яам хөршүүдийнх нь тавьсан хориг сөрөг үр дагавартай болохыг анхааруулсан байна.

“Беларусьт хориг тавихыг оролдсон этгээд өөрөө сөрөг цохилт амсдагийг манай түүх тодорхой харуулдаг” гэж тус улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч Анатолий Глаз мэдэгджээ.

Өнгөрсөн Ням гарагт Минск хотын төвд 100,000 гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсан юм. Тэмцэгчид наймдугаар сарын 9-ний өдөр болсон ерөнхийлөгчийн сонгуулийг будилаантай болсон гэж үзээд дахин сонгууль явуулахыг шаардаж байгаа.

1994 оноос хойш Беларусийг удирдаж байгаа Александр Лукашенко энэ сонгуулиар 80 орчим хувийн санал авч, зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Сөрөг хүчний нэр дэвшигч Светлана Тихановская 10 хувийн саналтай удаалжээ. Тэр одоо Литва улсад дүрвээд байна.

Сонгуулийг луйвардаж, эсэргүүцэл илэрхийлсэн иргэдийг баривчилж, хүчирхийлэл үйлдсэн Лукашенко болон түүний тойрон хүрээлэгчдийн эсрэг Европын Холбоо мөн хориг зарлахаар бэлдэж байгаа.

Даваа гарагт Цагаан ордноос хөрш улсынхаа бие даасан байдал, арчилалд хүндэтгэлтэй хандахыг ОХУ-ын засгийн газарт уриалжээ.

Александр Лукашенко ерөнхийлөгчийн суудлаа хадгалж үлдэхийн тулд ОХУ-аас тусламж гуйсан юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нөхцөл байдал хяналтаас гарсан тохиолдолд цэргийн тусламж үзүүлэхээ хариу амлаад байна.

 

Эх сурвалж: AFP