Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Улс орнуудын засгийн газруудад иргэдтэйгээ ойлголцохыг ДЭМБ уриалав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед дэлхийн зарим улс орнуудад коронавирусийн хорио цээрийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцэл гарах болсон юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр энэ талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр хүмүүсийн юу хүсэж, юу ярьж байгааг сонсох нь засгийн газрын үүрэг боловч нөгөө талаас коронавирусийн хор хөнөөлийг тэмцэгчид ойлгох ёстойг сануулсан байна.

“Вирус бол бодитой аюул. Маш хурдан тарж, олон хүнийг үхүүлдэг. Бид жагсаж цуглахдаа ч гэсэн өөрсдийгөө болон бусдыг хамгаалахын тулд бүхнийг хийх ёстой” гэж Гебрейесус хэлээд улс орнуудын засгийн газруудад иргэдтэйгээ ойлголцохыг уриалжээ.

 ДЭМБ-ын шуурхай тусламжийн албаны захирал Майкл Райан “Цар тахал, хорио цээрийн улмаас хүмүүсийн сэтгэл санаа цочролд орж, дасан зохицоход маш хэцүү байгааг ойлгож байна. Хорио цээрийн дэглэмийг эсэргүүцэж буй хүмүүстэй хэтрүүлэлгүй, болгоомжтой харилцах нь засгийн газруудын хувьд маш чухал. Эсэргүүцэгчидтэй ярьж ойлголцох нь үнэхээр чухал болоод байна” гэж ярьсан байна.

Доктор Гебрейесус “ДЭМБ эдийн засаг, нийгмийн амьдралаа идэвхжүүлэх улс орнуудын хичээл зүтгэлийг бүрэн дэмжиж байна. Гэхдээ үүнийг аюулгүй хийх ёстой. Ямар ч улс орон цар тахал дууссан мэт хуурамч дүр эсгэх ёсгүй” гэж мэдэгджээ.

Тэрбээр өндөр настнуудын дунд нас баралтын түвшин өндөр байгаад хүмүүс санаа зовохгүй байгааг энэ үеэр шүүмжилсэн байна. “Нас өндөр болсон шалтгаанаар хэн нэгний үхлийг хүлээн зөвшөөрөх нь ёс суртахууны дампуурал юм. Бид ийм хандлагыг хэрхэвч хүлээн зөвшөөрөх ёсгүй. Залуу, хөгшин ялгаагүй хүний амь бүр үнэтэй. Бид хүний амийг аврахын тулд бүхнийг хийх ёстой” гэж тэр ярьжээ.

Өнгөрсөн Бямба гарагт Германы нийслэл Берлин хотод олон арван мянган хүн цар тахлын хорио цээрийг эсэргүүцэж жагссан нь Европын хэд хэдэн оронд гарсан ийм төрлийн тэмцлүүдийн хамгийн том нь байв.

Тэднээс хэдэн зуун тэмцэгч хамгаалалтын шугамыг нэвтэрч, Германы парламентын байранд хүчээр нэвтэрсэн юм. Канцлерь Ангела Меркель энэхүү үйл явдлыг “ичгүүртэй хэрэг” гэж нэрлээд харамсал илэрхийлж байв.

 

Эх сурвалж: AFP