Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын шинэ ерөнхий сайд есдүгээр сарын 14-нд тодорно

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас Коно Таро, Кишида Фумио, Суга Ёшихидэ, Ишиба Шигэрү нар

Баасан гарагт Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцрох болсноо зарласан билээ.

Эрх баригч Либерал Ардчилсан Нам дараагийн удирдагчаа сонгох чуулганыг есдүгээр сарын 14-нд товложээ. Намын шинэ дарга нь Япон улсын шинэ ерөнхий сайд болох юм.

Одоогийн байдлаар Либерал Ардчилсан Намын шинэ удирдагчаар сонгогдох боломжтой дөрвөн хүний нэр яригдаж байна.

Тэдний тэргүүн эгнээнд батлан хамгаалахын сайд асан, Абэ Шинзогийн бодлогыг хүчтэй шүүмжлэгчдийн нэг Ишиба Шигэрү яригдаж байгаа юм.

Түүний дараа одоогийн батлан хамгаалахын сайд Коно Таро, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Суга Ёшихидэ, Либерал Ардчилсан Намын бодлогын хэлтсийн дарга, гадаад хэргийн сайд асан Кишида Фумио нарын нэр яригдаж байна.

Никкей сонины газраас зохион байгуулсан санал асуулгаар Ишиба 28 хувь, Коно 15 хувь, Суга 11 хувийн дэмжлэг авжээ. Харин Кишидаг олон нийт төдийлөн дэмжихгүй байна.

Гэхдээ нам дотрох фракцуудын дэмжлэгийг хамгийн их авах магадлалтай нэр дэвшигч нь Суга гэж ажиглагчид дүгнэжээ.

Абэ Шинзог 2012 онд ерөнхий сайдаар томилогдсон цагаас хойш Суга Ёшихидэ түүний засгийн газрын олон нийттэй харилцдаг гол хүн байсаар ирсэн юм.

Өнөөдөр өглөө Абэ Шинзо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа өөрийг нь хэн ч залгамжилсан Япон улсын гадаад бодлогод өөрчлөлт гарахгүйг батлан илэрхийлжээ.

Япон улсын шинэ ерөнхий сайдыг эдийн засгийн хямрал, коронавирусийн цар тахал, Хятад-Америкийн сөргөлдөөн зэрэг олон хүнд асуудлууд хүлээж байна.

 

Эх сурвалж: Reuters