Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваньд болсон наадмын үеэр аварга цаасан шувуу 3 настай охиныг тэнгэрт хөөргөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Тайваний Синчу хотод олон улсын цаасан шувууны наадам зохион байгуулагдах үеэр нэгэн золгүй явдал тохиолдох шахжээ.

Аварга том цаасан шувууг хөөргөх үеэр сүүл хэсэгт нь 3 настай охин санамсаргүй зүүгдэж тэнгэрт хөөрсөн байна. 

Охин хэрхэн цаасан шувууны сүүлэнд орооцолдсон нь тодорхойгүй байна. Тэнгэрт нэлээд өндөрт хөөрсөн охиныг 30 секундын дараа газардуулжээ.

Дараа нь охиныг ээжийнх нь хамт эмнэлэгт хүргэж, наадмыг түр завсарласан байна. Азаар охины хүзүү, нүүрний хэсэг бага зэрэг шалбарснаас өөр бэртэл гэмтэл тохиолдоогүй байжээ.

Синчу хотын захирагч Лин Чи Чен болсон явдлын төлөө олон нийтээс уучлал гуйж, наадмын үйл ажиллагааг тэр дор нь зогсоосон байна.

Тэрбээр дахин ийм алдаа гаргахгүйгээ амлаж, буруутай хүмүүст хариуцлага тооцохоо мэдэгджээ. Тухайн өдөр салхи нэлээд хүчтэй буюу ойролцоогоор 13-17 м/секунд орчим хурдтай байсан гэнэ.

Эх сурвалж: CNN