Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Уоррен Баффет 90 насныхаа төрсөн өдөр Японы таван том компанийн хувийг худалдаж авснаа зарлав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Уоррен Баффетын Berkshire Hathaway компани Японы таван том худалдааны компанийн тус бүр 5 орчим хувийг худалдаж авснаа зарлажээ.

Баффетын 90 насны төрсөн өдөртэй давхцаж гаргасан мэдэгдэлд Японы Иточү, Марубени, Мицубиши, Мицуй, Сүмитомо компаниудын хувийг худалдаж авсныг мэдээлсэн байна.

Berkshire компани энэхүү хөрөнгө оруулалтаа урт хугацаанд хадгалж, 9.9 хувь хүртэл өсгөх боломжтойг мэдээлжээ.

Японы компаниудын хувийг Berkshire-ийн даатгалын компани National Indemnity Co эзэмших юм байна.

“Японы ирээдүйг бүтээхэд Berkshire Hathaway оролцох болсонд би баяртай байна. Эдгээр таван том компани нь дэлхий даяар маш олон хамтарсан компаниудтай, цаашдаа ч өсөх нь тодорхой. Ирээдүйд харилцан ашигтай ажиллана гэдэгт би итгэлтэй байна” гэж Баффет мэдэгджээ.

Компаниудын таван хувиуд нийлээд 655 тэрбум иений ($6.21 тэрбум) үнэлгээтэй юм. Дээрх мэдээг тарсны дараа Даваа гарагт таван компанийн хувьцааны үнэ Токиогийн хөрөнгийн бирж дээр огцом өссөн байна.

Тухайлбал Марубенигийн хувьцааны ханш 12 хувиар өссөн бол Мицубиши, Сүмитомо хоёрынх 10 гаруй хувиар, Мицуй 8.2, Иточү 5.4 хувиар тус тус өсжээ.

Уоррен Баффетын ихэнх хөрөнгө оруулалт АНУ-ын компаниудад төвлөрдөг бол гадаадын цөөн тооны компанид хувь эзэмшдэг юм.

 

Эх сурвалж: Reuters