Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Уоррен Баффетын 90 насны ойд зориулж Билл Гэйтс бялуу хийжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Билл Гэйтс өөрийн найз тэрбумтан Уоррен Баффетын төрсөн өдөрт зориулж бялуу хийснээ сошиал хуудсандаа үзүүлсэн байна.

Ням гарагт Уоррен Баффет 90 нас хүрсэн юм. Гэйтс найзынхаа дүртэй бялууг Орео жигнэмэгээр чимэглэж хийсэн байна.

Баффет нь амттанд дуртайгаараа алдартай нэгэн юм. Тэр өдөрт хэд хэдэн лааз кока кола уудаг бөгөөд Berkshire Hathaway компани нь Coca-Cola компанийн том хувь эзэмшигч.

2016 онд Билл Гэйтс блогтоо Уоррен Баффетыг өглөөний цайн дээрээ Орео жигнэмэг идэж байсныг дурсаж бичсэн байдаг.

“Уоррен зургаа настайдаа идэх дуртай байсан зүйлээ одоо болтол идсээр байдаг нь намайг гайхшруулдаг. Тэр нэг удаа манайд байхдаа өглөөний цайны үеэр хайрцагтай Орео задлаад идэж байсан. Манай хүүхдүүд тэр дороо Орео нэхэж эхэлсэн. Хэдийгээр хүүхдүүдэд буруу үлгэр дууриал үзүүлдэг ч энэ нь түүний биед таараад байдаг нь сонин” гэж Гэйтс бичиж байжээ.

Гэйтс, Баффет хоёр 1991 оны долдугаар сарын 5-нд анх танилцсан гэдэг. Гэйтсийн ээж тухайн үед Вашингтон дахь зусландаа хоёуланг нь урьж байжээ. Эхэндээ Гэйтс өөрөөсөө ах тэрбумтантай уулзах дургүй байсан ч Майкрософтын ирээдүйн талаар гайхалтай ухаалаг асуултуудыг Баффет тавьсан нь тэдний нөхөрлөх шалтгаан болсон байна.

Сүүлд Гэйтс, Баффет нар The Giving Pledge нэртэй сайн үйлсийн хөдөлгөөн эхлүүлж, дэлхийн баячуудад хөрөнгийнхөө талаас илүү хувийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулах уриалга гаргаж байв.

Өнөөдрийн байдлаар энэ хөдөлгөөнд 200 орчим хүн нэгдээд байгаагийн дотор Марк Зукербэрг, Майкл Блүүмбэрг, Илон Маск зэрэг хөрөнгөтнүүд багтжээ.

 

Эх сурвалж: CNN