Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Black Panther” киноны од Чэдвик Боузмэн 43 насандаа хорт хавдраар нас баржээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Марвелын супер баатруудын сэдэвтэй хит бүтээл болох “Black Panther”-ийн дүрээрээ алдашрсан Америкийн жүжигчин Чэдвик Боузмэн 43 насандаа хорт хавдраар нас барсныг хэвлэлийн төлөөлөгч нь Бямба гарагт нийтэд мэдээлжээ.

Кино од Баасан гарагт Лос Анжелес дахь гэртээ эхнэр болон төрөл төрөгсдийнхөө гар дээр нас барсан байна. Тэрбээр хүүхэдгүй байсан юм.

Боузмэн дөрвөн жилийн өмнө анх бүдүүн гэдэсний хорт хавдартай болсноо мэдэж байжээ. Тэрбээр хорт хавдартай болсноо өмнө нь олон нийтэд мэдээлж байгаагүй тул түүний үхэл гэнэтийн цочир үйл явдал болж байна.

Гэхдээ сүүлийн үед нэлээд турж, жин хасах болсон Боузмэны эрүүл мэндэд фэнүүд нь санаа зовж байсан юм. 

“Black Panther”-аас гадна тэр 2013 онд бэйсболын домогт тамирчин Жэки Робинсоны амьдралыг харуулсан “42” кинонд гол дүр бүтээсэн бол 2014 онд соул хөгжмийн хаан Жэймс Брауны дүрийг “Get on Up” кинонд бүтээж байв.

Телевизийн шоунуудад жижиг дүр бүтээдэг байсан Боузмэн 2013 онд “42” кинонд гол дүр бүтээснээр дэлгэцийн од болсон юм.

Урлаг, спорт, улс төрийн олон алдартан Чэдвик Боузмэны араас гашуудаж, эмгэнэл илэрхийлжээ.

Сошиал сүлжээнд #WakandaForever хаштагаар хүмүүс эмгэнэл илэрхийлцгээсээр байна.

Боузмэн 1976 онд АНУ-ын Өмнөд Каролина мужид тавилгын бүрээс хийдэг жижиг бизнесмэн эцэг болон сувилагч эхийн хүү болон мэндэлж байжээ.

Эх сурвалж: BBC