Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн ерөнхийлөгч өөрийн нутгаар дамждаг Европын транзит урсгалыг хаахаар сүрдүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Беларусь улсад сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл гурван долоо хоног орчим хугацаанд үргэлжилж байна.

Пүрэв гарагт Европын Холбооны гадаад хэргийн сайд нар Беларусийн засгийн газрын 20 хүртэл өндөр албан тушаалтны эсрэг хориг тавих асуудлыг хэлэлцжээ.

Тэгвэл Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр Европын Холбоонд хариу хориг тавихаар сүрдүүлсэн байна.

Тэрбээр Баасан гарагт улсынхаа зүүн бүсийн сүүний үйлдвэрт зочлохдоо Беларусийн нутгаар дамжин Оросын зах зээлд бараа хүргэдэг транзит урсгалыг хааж, хариу хориг тавих боломжтойгоо мэдэгджээ.

“Тэд Беларусийг хэн бэ гэдгийг мартаад байна. Биднийг танк, пуужингаар айлгана гэж бодож байгаа бололтой. Хэн нь хэнээсээ айхыг харцгаая. Бид тэдэнд хориг гэж юу байдгийг үзүүлэх болно” гэж Лукашенко ярьсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Европын Холбооны гишүүн орнуудын бараа бүтээгдэхүүн Литвийн боомтоос Беларусийн нутгаар дамжин Оросын зах зээлд хүрдэг. Литвийн төмөр замын болон тэнгисийн боомтын ачааны урсгалын гуравны нэг нь Беларусийн нутгаар дамждаг гэсэн тоо баримт бий.

Үүнээс гадна Оросын газрын тосыг Европын зах зээлд хүргэдэг дамжуулах хоолой Беларусийн нутгаар дамждаг юм.

Өчигдөр бас Лукашенко армийнхаа бие бүрэлдэхүүний хагасыг байлдааны бэлэн байдалд шилжүүлснийг ярьжээ. Мөн Өрнөдийн зүгээс аюул учрах тохиолдолд Оросоос цэргийн тусламж авахаар ерөнхийлөгч Владимир Путинтэй тохирсноо ярьсан байна.

Өнгөрсөн Пүрэв гарагт Владимир Путин шаардлагатай тохиолдолд Беларусь руу илгээх хууль сахиулагчдын тусгай бүлгийг Лукашенкогийн хүсэлтээр бэлдээд байгаагаа мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Reuters