Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Адьшаа: Хөшөөтийн уурхайг түшиглэн утаагүй түлш үйлдвэрлэснээр баруун таван аймгийн агаарын бохирдлыг бууруулна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 28
iKon.MN

Баруун таван аймгийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгаас сонгогдсон Улсын Их хурлын гишүүд хамтран лобби бүлэг байгуулснаа өнөөдөр зарлалаа.

Тус лобби бүлэг агаарын бохирдлыг бууруулахаас гадна байгаль орчноо хамгаалахад чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

"Лобби бүлгийн гишүүд агаарын бохирдлыг бууруулахын төлөө ажиллана"

 
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Агаар, хөрсний бохирдлыг бууруулах, байгаль орчноо хамгаалахад бүс нутгаараа хамтран ажиллах зорилго тавьж, УИХ-д лобби бүлэг байгуулж байна. Баруун бүс нутагт агаар, хөрсний бохирдол тулгамдсан асуудал болж байгаа учир лобби бүлгийн гишүүд хүчээ нэгтгэн, агаарын бохирдлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах юм.

Энэ хүрээнд Хөшөөтийн уурхайг түшиглэн утаагүй түлш үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр манай гишүүд ярилцаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгуулахаар яригдаж, шийдвэрлэх түвшинд явж байгааг дуулгахад таатай байна" гэв.  

"Бүс нутгийн иргэдийнхээ амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, хямд үнэтэй түлшээр хангах зорилгын хүрээнд нэгдсэн"

 
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "100-хан км-ийн зайнаас нүүрсээ авдаг Говь-Алтай аймагт нэг тонн нүүрсний үнэ 180,000 төгрөг байна. Гэтэл Тавантолгой компанийн түлшийг Улаанбаатарт авчирч худалдаалахад дээрх үнээс хэд дахин хямд бөгөөд чанартай. 

Иймд, Хөшөөтийн уурхайг түшиглэн шахмал түлшний үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулбал баруун бүс нутгийн аймгийн төвүүдийг шахмал түлшээр хангах боломжтой тухай судалгаа хийсэн. Бид бүс нутгийн иргэдийнхээ амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, хямд үнэтэй түлшээр хангах хэмээх хоёр том зорилгын хүрээнд нэгдсэн. Цаашид энэ чиглэлд хамтран ажиллана" гэлээ.

Б.Саранчимэг: Улс орнууд байгальд ээлтэй хөгжлийг урьтал болгох болсон

 
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо Б.Саранчимэг "Улс орнууд эхлээд хөгжье, дараа нь цэвэрлэе гэх хандлагаа өөрчилж, байгальд ээлтэй хөгжлийг урьтал болгох болсон.

Агаарын бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй хандлагыг хэвшүүлэхэд УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо нь тус лобби бүлэгтэй хамтран хамтран ажиллах юм" гэв. 

Ц.Цэрэнпунцаг: Ой модоо хамгаалах ажлууд хийнэ

 
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг "Утаагүй түлш үйлдвэрлэх нь ой модоо хамгаалахад чухал ач холбогдолтой.

Ойрын жилүүдэд гол мөрний усны түвшин багасах, ширгэхэд голын ойролцоох модоо тайрч байгаа нь ихээхэн нөлөөлж байна. Харин утаагүй түлш үйлдвэрлэж эхэлснээр ой модоо хамгаалах ажлууд хийгдэх учир баруун бүсэд ихээхэн ач холбогдолтой ажил болох юм" гэв.