Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Америк, Оросын армийн хуягт машинууд Сирийн нутагт мөргөлдсөн хэргийг шалгаж байна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн эхээр Сирийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байгаа АНУ, ОХУ-ын зэвсэгт хүчний хуягт машинууд хоорондоо мөргөлдсөн хэрэг гарч, талууд харилцан нэгнээ буруутгаж байна.

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд Оросын хуягт тэрэг АНУ-ын хуягт машиныг мөргөж, машинд явсан алба хаагчдыг бэртээсэн гэжээ.

Харин Оросын батлан хамгаалах яамнаас өчигдөр гаргасан мэдэгдэлд АНУ тэргүүтэй холбоотны хүчинд өөрийн цувааг тухайн замаар дайрч өнгөрөхийг урьдчилж мэдэгдсэн боловч замд нь саад хийх гэж оролдсон гэж буруутгасан байна.

“АНУ-ын цэргүүд одоо үйлчилж байгаа гэрээгээ зөрчиж, Оросын эргүүлийн цуваанд саад учруулахыг оролдлоо. Оросын тал мөргөлдөөнөөс зайлсхийх арга хэмжээг авч, үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн” гэж уг мэдэгдэлд тайлбарлажээ.

Энэ асуудлаар Орoсын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Валерий Герасимов АНУ-ын зэвсэгт хүчний генерал Марк Миллитэй утсаар ярьсан тухай Москвагийн албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Твиттер сүлжээнд тарсан үйл явдлын бичлэгт Америк, Оросын хуягт машинууд тулгарснаас гадна Оросын нисдэг тэрэг АНУ-ын хуягт машинд агаараас ойртож ирснийг харуулжээ.

Цагаан ордны мэдэгдэлд “2019 оны арванхоёрдугаар сард АНУ, ОХУ-ын хооронд байгуулсан мөргөлдөөнөөс зайлсхийх протоколыг Оросын тал зөрчиж, аюултай, мэргэжлийн бус үйлдэл гаргалаа” гэсэн байна.

Америк, Оросын зэвсэгт хүчнийхэн Сирийн нутагт зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа ч хоорондоо зөрчилдсөн тохиолдол ховор байдаг юм.

Эх сурвалж: AFP